Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн шилдэг 50 оюутанд ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг олгоно

2017-09-20 15:05:24

- ХААИС-ийн 59 дэх хичээлийн шинэ жилийн нээлт боллоо – 

Монгол Улсын ууган их сургуулиудын нэг Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор багш, оюутан залуучууд, ажилтан, ажиллагсад 59 дэх хичээлийн шинэ жилийг ёслол төгөлдөр эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга М.Мөнхбаясгалан, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ХААИС-ийн удирдах зөвлөлийн дарга, Монгол улсын ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор Б.Авид, Монгол улсын засгийн газрын референт, БСШУС-ын яамны Дээд боловсролын газрын мэргэжилтнүүд, болон бусад албаны төлөөлөл, ХААИС-ийн үе үеийн удирдлагууд, ахмад багш, эрдэмтэд оролцов.

ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга эрдмийн баярыг нээж хэлсэн үгэндээ “Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 дахь Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн 59 дэх хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе!
ХААИС нь манай орны боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхийн 100 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж, улс эх орондоо 30 гаруй мянган дээд боловсролтой мэргэжилтнийг бэлтгээд байна. 
Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг болох хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд тус сургуулийн профессор багш, эрдэмтэн судлаачид, төгсөгчид, оюутан залуус чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй цаашид ч энэ үүрэг улам бүр нэмэгдэх нь тодорхой байна.
Манай сургууль өнгөрсөн хугацаанд үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхийн хамт дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн олон салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үндэсний хэмжээнд болон олон улсад хөгжүүлэн бэхжүүлж байна” гээд их сургуулийн бодлого, стратеги, үйл ажиллагаа шинэчлэлийн төлөө Засгийн газрын дээд боловсролыг чанаржуулах, их сургуулиудыг судалгааны их сургуулийн тогтолцоонд шилжүүлэх зорилтыг хангахын бүрэн нийцэж байгааг онцлон тэмдэглэв. 
Мөн 2017-2018 онд ХААИС-д элсэн суралцаж буй оюутнуудад хандан “Та бүхэнд сурч боловсрох, өөрийгөө нээн, хөгжүүлэх, урлаг, спортын болон бусад дугуйлан, секц, хөтөлбөрүүдэд хамрагдах өргөн боломжийг бид олгоно. Түүнчлэн төрөл бүрийн тэтгэлэг, урамшуулалд хамрагдах, хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиудад шилжин суралцах боломж бий бөгөөд чухамхүү та бүхний идэвх чармайлт, сурлагын болон бусад амжилтаас хамаарах тул хичээн суралцаарай” гээд эрдэм мэдлэгт шамдан суралцаж, улс эх орондоо хэрэгтэй шилдэг мэргэжилтнүүд болохыг хүсэн ерөөв. 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн "Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон ХАА-н салбарын мэргэжилтнийг бэлтгэдэг ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Манай орны эдийн засгийн суурь,тулгуур салбар бол хөдөө аж ахуй юм. Монгол Улсын Засгийн газраас ХХААХҮ-ийн салбарыг тэргүүлэгч чиглэлээ болгон тодорхойлсон. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ нийгмийн байдлыг нь сайжруулах чиглэлээр дэс дараатай ажлууд хийгдэж байгаа" гэв. Мөн ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг шилдэг 50 оюутанд жил бүр олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, энэ жилээс эхлээд 50 оюутныг ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлэгт хамруулж, сургалтыг төлбөрөөс чөлөөлнө" гэдгийг онцолсон юм. Энэ нь салбарын чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх хэрэгцээг дэмжсэн сайхан үйл хэрэг байв.

ХААИС-д 2017-2018 оны хичээлийн жилд 2100 орчим оюутан шинээр элсэн суралцахаар болсон бөгөөд тэдний төлөөлөл оюутны тангараг өргөж, өөрсдийн мэдлэг, оюунаа дайчлан суралцаж, сайн мэргэжитэн болохоо илэрхийлж байв. 
Нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулан бусдыгаа манлайлан ажилласан зарим профессор багш, эрдэмтэн судлаачдад тэдний олон жилийн уйгагүй хөдөлмөрийг үнэлж төрийн одон, медаль, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, болон эрдмийн цол, зэрэг олгосныг гардуулж баяр хүргэлээ. 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn