Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2018

2018-05-19 12:31:02

“Инновацийн долоо хоног-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” үзэсгэлэн, форумыг тавдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт Шинжлэх ухаан технологийн сан, аймгийн Засаг даргын тамгын газар, ХААИС хамтран амжилттай зохион байгууллаа. 

“Инновацийн долоо хоног-2018” арга хэмжээг 2014 оноос жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хонот  зохион байгуулж ирсэн бөгөөд орон нутагт зохион байгуулсан нь анхны удаа юм. 

Энэ удаагийн үзэсгэлэн, форумын онцлог нь төвийн бүсийн тулгуур төв, газар тариалангийн төв бүс болох Дархан-Уул аймагт зохион байгуулагдсанаара онцлог бөгөөд уг бүс нутагт  газар тариалангийн үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй бусад бүс нутгаас давамгай хөгжиж байгаа билээ. Иймд уг бүс нутагт хөдөө аж ахуйн инновацийг нутагшуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх шаардлага хэрэгцээ өндөр байгаа юм. Уг арга хэмжээнд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн үйл ажиллагааны үр дүн, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж, шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэх, төр эрдэм шинжилгээний байгууллага хувийн, хэвшлийн инновацийн түншлэлийг өргөжүүлэх арга замын талаарх асуудлуудыг өргөн хүрээнд авч хэлэлцлээ. 

 “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” үзэсгэлэнд 20 гаруй байгууллага тухайлбал, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, Дархан-уул аймаг дахь Дулаан техник, үйлдвэр экологийн хүрээлэн, ХААИС-ийн Инженер, технологийн сургууль, Мал эмнэлгийн сургууль, Мал аж ахуй биотехнологийн сургууль, мөн тус сургуулийн харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн,  тэдний харьяа гарааны 10 гаруй компани оролцож судалгаа шинжилгээ, төслийн  үр дүнд буй болсон малын эм, тэжээл, үр өсгөвөр, уламжлалт эмнэл зүй, бордоо, биологийн бэлдмэл тэжээл, үр үржүүлэг, усалгааны системийн шийдэл зэрэг 210 гаруй бүтээл, бүтээгдэхүүнийг дэлгэн танилцууллаа.  

“Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилж нийт 450 гаруй хүн оролцжээ. Форумын эхний өдрийн хуралдаанд эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд өөрсдийн шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны онцлох үр дүнг орон нутгийн иргэд, малчид, тариаланчдад танилцуулсан бол хоёр дах өдрийн хуралдаанд орон нутгийн гарааны компаниудын үйл ажиллагаа, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, судалгааны төслийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөдөө орон нутгийн хөгжилд инновацийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж орон нутгийн малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал бодлоо солилцлоо.  

“Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018”  форум, үзэсгэлэнд оролцогсод уг арга хэмжээ үр дүнтэй болсныг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид ийм төрлийн арга хэмжээг орон нутагт, үйлдвэрлэгчидэд ойр зохион байгуулж байх нь чухал ач холбогдолтойг хэлж байв. Уг арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс Монгол орны ХАА-г эрчимжүүлэн, мэдлэгийн, ногоон эдийн засгийн баримжаатай, тогтвортой хөгжүүлэхэд инновацийн экосистемийг бүрдүүлэх, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төр захиргааны байгууллага, хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлага байгааг онцолж байлаа.





Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn