Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН УРЬДЧИЛСАН ДҮНГ ТАНИЛЦУУЛАВ

2018-06-05 16:49:00

Тус их сургууль нь Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлд 3 дахь удаагаа хамрагдаж байгаа бөгөөд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн ажлын албаны захирлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 72 тоот тушаалаар батлагдсан, МУИС-ын Сургалт,  оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг ахлагчтай шинжээчдийн баг ХААИС дээр 2018 оны 05 дугаар сарын 28-30-ны хооронд нийт 3 өдөр ажиллалаа. Энэ хугацаанд шинжээчдийн баг БМИҮЗ-өөс боловсруулан гаргасан Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн 10 багц шалгуур үзүүлэлтийн дагуу боловсруулсан өөрийн үнэлгээний тайланд тусгагдсан үзүүлэлт, дүгнэлтүүдийг газар дээр нь нягтлах, тодруулга авах, санал солилцох байдлаар тодорхой удирдамжын дагуу ажиллав.

Мөн энэ хугацаанд шинжээчид ХААИС-ийн бүрэлдэхүүний сургууль, харъяа эрдэм шинжилгээний хүрээлэн, Магистр, докторын сургууль, номын сан, Нүүдэлчдийн соёл, иргэншлийн музей, оюутны байр, Агропарк, Инноваци, бизнес, хөгжлийн төв зэрэг байгууллага, нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан болно. Үүний зэрэгцээ шинжээчид ХААИС-ийн багш, ажилтан, ажиллагсад оюутан, төгсөгчид, ажил олгогч нарын төлөөлөлтэй уулзаж, тус их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийн талаар санал бодлоо солилцлоо.

Ийнхүү шинжээчид тус их сургууль дээр 3 өдрийн турш маш шахуу хуваарьтай ажиллаж, урьдчилсан дүгнэлтийг гаргаж  хамт олонд танилцуулах уулзалтыг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав.  Уг уулзалтанд БМИҮЗ-өөс томилогдсон шинжээчид, мөн зөвлөлийн зохицуулагч нараас гадна ХААИС-ийн удирдлагын баг мөн өөрийн үнэлгээний тайланг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч, гишүүд оролцов. Шинжээчдийн багийн ахлагч Б.Очирхуяг танилцуулахдаа ХААИС нь өөрийн үнэлгээний тайланг хангалттай сайн боловсруулсныг тэмдэглэж, шинжээчдийн нэгдсэн дүгнэлтээр ХААИС нь Дээд боловсролын сургалтын байгууллагын шалгуур үзүүлэлтийг БҮРЭН ХАНГАСАН гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байгааг мэдээлэв. Мөн цаашид тус их сургуулийн үйл ажиллагаанд засаж сайжруулах, боловсронгуй болгох, илүү үр дүнтэй ажиллах талаар гаргаж буй шинжээчдийн дүгнэлтэнд бодитой дүн шинжилгээ хийж, хөгжих боломж байгааг тэмдэглэж байлаа.

Уг уулзалтын төгсгөлд ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга хэлэхдээ шинжээчдийн дүгнэлт, санал, зөвлөмж нь  бидний ажлын алдаа, оноог бодитой гаргасан оновчтой дүгнэлт, санал байсныг дурдаад энд гарсан санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусгаж сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагааны үр нөлөө, үр өгөөжийг дээшлүүлэх, сайжруулах боломжууд байгааг тэмдэглэв. Өөрийн үнэлгээний тайланг шинжээчдийн санал, зөвлөмжийн дагуу сайжруулан боловсруулж БМИҮЗ-д хүргүүлэх болно гээд өөрийн үнэлгээний тайланг боловсруулсан багт талархал илэрхийлэв.



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn