Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“ХӨВРӨЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТЕХНОЛОГИ-МОНГОЛД” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО

2018-07-31 17:28:13

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мал Аж Ахуй Биотехнологийн Сургууль, Амьтны биотехнологийн профессорын баг, инновацийн төслөөс “Хөврөл шилжүүлэн суулгах технологи-Монголд” олон улсын хурлыг өнөөдөр /2018.7.31/ Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа.

Хөврөл шилжүүлэн суулгах технологи Монголд нэвтэрснээр ашиг шим сайтай малын тоог өсгөх, нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой.Нэг үхрийг зохиомлоор хээлтүүлэхэд ойролцоогоор 50 мянган төгрөг бол хөврөл шилжүүлэн суулгахад 500-800 мянган төгрөгний үнэтэй байдаг байна. Өөрөөр хэлбэл зохиомол хээлтүүлгээр 10 жилийн дараа гарах малын ашиг шимийг хоёр жилийн дотор авах боломжтой болох юм.

Жилд нэг үнээнээс нэг л тугал гардаг бол хөврөл шилжүүлэн суулгах технологи ашигласнаар ашиг шим сайтай үхрийн 20 тугалыг нэг жилийн хугацаанд гаргаж авах аж.

 

БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн профессор Юун Жун Тейк:Солонгост хөврөл шилжүүлэн суулгах технологийг түгээмэл ашигладаг  

-Хөврөл шилжүүлэн суулгах технологи нь маш богино хугацаанд ашиг шим өндөртэй төлийг гаргаж авахын тулд ашигладаг хамгийн шилдэг аргуудын нэг юм. Солонгос Улсад зохиомол хээлтүүлэг, ялангуяа хөврөл шилжүүлэн суулгах технологийг маш өргөнөөр ашиглаж байгаа.

Зохиомол хээлтүүлэгт зөвхөн ашиг шим өндөртэй эр бухыг ашигладаг бол хөврөл шилжүүлэн суулгахад хамгийн сайн эр эм малыг хооронд нь эвцэлдүүлж ашиг шим сайтай төл гаргаж авах боломжийг бүрдүүлдэг. Жишээ нь, манай улсад нэг үхрээс  жилийн хугацаанд 18 мянган литр сүү авдаг. Харин ийм хэмжээний ашиг өгдөг нэг үнээнээс хөврөл шилжүүлэн суулгах технологи ашиглаж 40-50 тугал гаргах боломж бий.

ХААИС-ийн МААБС-ийн профессоруудын багын ахлагч, багш, дэд профессор Т.Балдан:Нэг малаас их ашиг шим авах нь чухал

 -Тухайн хээлтэгч малд даавар тарьж, өндгөвч дээр нь олон өндгөн эсийг зэрэг суулгаж өгнө. Ингэснээр хээлтэгч малын саванд олон хөврөл бий болно гэсэн үг. Дараа нь тэр хөврөлүүдээ тодорхой зориулалтын шингэн зүйлтэй хамт гадагшлуулж ашиг шим багатай боловч эрүүл өөр эм малд  шилжүүлэн суулгаснаар тэр ашиг шим сайтай малын үр төлийг гаргаж авна гэсэн үг.

Өнөөдөр монголын мал сүрэг 66 саяд хүрсэн байна. Цаашдаа малын тоо толгойг тодорхой түвшинд барих, нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд энэ технологийг зайлшгүй ашиглах шаардлагатай. Олон малаас бага ашиг шим авах биш нэг малаас их ашиг шим авах нь чухал" хэмээлээ.

Манай улсад 1954 оноос эхлээд анх үхэрт зохиомол хээлтүүлэг хийж эхэлжээ. Түүний үр дүнд ашиг шим сайтай хээлтүүлэгч малын үр төлийн тоог богино хугацаанд нэмэгдүүлж байгаа аж. Харин одоо нэвтэрч байгаа технолгийг ашигласнаар сүүний гарц сайтай үнээ, махны гарц сайтай үхэр, ноосны гарч сайтай хонь, ноолуурын гарч сайтай ямааны үр удмыг маш богино хугацаанд олон болгож болох аж.

Энэхүү технологийг дэлхий нийтийн хэмжээнд ашиглаж бүх төрлийн амьтныг үржүүлэх боломжтой юм байна.



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn