Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“ШИНЭ-ОЮУТАН” СУРГАЛТ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-08-27 16:11:01

Монголд хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнийг бэлтгэдэг цорын ганц их сургууль ХААИС-д 2018-2019 оны  хичээлийн жилд 38 хөтөлбөр, 53 мэргэжлээр 2000 гаруй оюутан шинээр элсэн  орж буй юм. Их сургуулийн босго алхан орж буй шинэ оюутнуудад зориулан “Шинэ оюутан” сургалт семинарыг хоёр өдрийн турш зохион байгууллаа. Сургалтын бодлого зохицуулалтын газраас зохион байгуулсан уг сургалтаар шинэ оюутнуудад их, дээд сургуульд суралцах арга барил, бакалаврын сургалтын журам, технологийг мөрдөх ёс зүй, богино улирлын системд хэрхэн суралцах, оюутны хөгжлийн зээлд яаж хамрагдах, оюутанд үзүүлэх үйлчилгээний талаар нэг бүрчлэн танилцуулсан юм. Өмнө нь салбар сургуулиуд дээр болдог байсан уг сургалтыг энэ жил “Хатан Туул” театрт их сургуулийн хувьд нэгдсэн байдлаар зохион байгуулсан нь онцлог байлаа.

“Шинэ оюутан” сургалт семинарийг нээж үг хэлсэн сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа шинэ оюутнуудад сурлагын амжилт хүсээд “Энэ өдрөөс эхлээд та бүхэн ХААИС гэдэг том өрх гэрийн нэг гишүүн нь боллоо. Зорилгогүй өнгөрөөсөн цаг хугацаа хамгийн харамсалтай зүйл байдаг. Харин зорилготой өнгөрөөсөн цаг хугацаа, зорилготойгоор уншсан ном, тэр ч бүү хэл ганц өгүүлбэр ч сэтгэлд хоногшин үлддэгийг санах хэрэгтэй. Тиймээс  өнөөдрөөс, энэ танхимаас бүгдээрээ өмнөө тавьсан том зорилготой оюутнууд болох гараагаа эхэлж байна. Бүгд зорилгоо тодорхойлж сурах хэрэгтэй. ХААИС-ийг төгсөж гарсан оюутан ажлын байр хайж компанийн хаалга татдаг  мэргэжилтэн биш, харин өөрсдөө ажлын байр бий болгодог чадвартай хүмүүс болох ёстой” гэлээ.

Сургалтыг Бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч, зохицуулагч, сургуулийн Оюутны холбооны тэргүүнээс гадна оюутны асуудал хариуцсан мэргэжилтнүүд удирдан явуулж, шинэ оюутнуудад хэрэгтэй бүхий л мэдээллийг өгч, сонирхсон асуултуудад нь хариулж, харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон тун ч ажил хэрэгч уур амьсгалтай болж өндөрлөсөн юм.

“Шинэ оюутан” сургалт семинарийн төгсгөлд шинэ элсэгчид оюутны тангараг өргөж, ХААИС-ийн сүлд дууг эгшиглүүлсэн.

Сургалтад оролцсон шинэ оюутнуудтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Г.Мөнхзаяа:Хүнсний аюулгүй байдлын сайн мэргэжилтэн болно

-Намайг Г.Мөнхзаяа гэдэг. Ховд аймгаас ирсэн. Мал аж ахуй, биотехнологийн сургуульд хүнсний чанар, аюулгүй байдал мэргэжлээр сурахаар элссэн. Өнөөдөр манай улсад хүнсний аюулгүй байдал ихээр алдагдах болсон нь миний санааг зовоодог. Тиймээс би энэ мэргэжлийг сонгосон, сайн сурч, чадварлаг мэргэжилтэн болж төгсөөд сэтгэлийг минь зовоож буй энэ аюулыг таслан зогсооход хувь нэмрээ оруулах болно.

Л.Төрболд:Төгсөөд нутагтаа очиж ажиллана

-Би Дорноговь аймгаас ирсэн Л.Төрболд байна. Агроэкологийн сургуулийн Хорио цээрийн ангид суралцах болсондоо баяртай байгаа. Манай нутагт Замын-Үүдийн боомт байдаг. Хятадаас хориотой зүйл их орж ирдэг болсныг таслан зогсоох хүслээр энэ мэргэжлийг сонгосон. Төгсөөд нутагтаа очиж ажиллана.

У.Санчир:Биднээс эх орны ирээдүй шалтгаална

-Миний нэрийг У.Санчир гэдэг. Энэ жил 12 дугаар ангиа төгсөөд Инженер технологийн сургуулийн Хүнсний инженерчлэлийн ангид элсэн орсон. Монгол Улсын хөгжилд мал аж ахуй, хүнс хоёр ихээхэн нөлөөтэй. Биднээс Монгол Улсын ирээдүй шалтгаална гэж итгэдэг учраас сайн сурч, сайн мэргэжилтэн болно.

Г.Дөлгөөн: Сургуулийн орчин гоё, ногоон байгууламж ихтэй 

-Намайг Дөлгөөн гэдэг. БСШУСЯ-ны төв лаборатори 45 дугаар дунд сургуулийг энэ жил төгссөн. Би санхүүгийн менежер мэргэжлийг сонгосон. ХААИС-ийн багш нар хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа бусад сургуулийг бодвол сайн санагдсан. Олон талын мэдлэг боловсролтой сайн боловсон хүчин олноор төрүүлдэг нь ч маш их таалагдсан.  Мөн сургуулийн орчин гоё, ногоон байгууламж сайтай юм билээ.

Г.Бурмаа:Миний сонгосон мэргэжлээр ганцхан ХААИС л бэлтгэдэг

-Намайг Г.Бурмаа гэдэг. Булган аймгийн гуравдугаар бүрэн дунд сургуулийг төгссөн. Инженер технологийн сургуулийн Гидромеханик мэргэжлийг сонгосон. ХААИС-ийг сонгосон шалтгаан гэвэл суралцах орчин сайтай, багш нар нь өндөр мэдлэгтэй, хүүхдүүдтэй тулж ажиллах чадвар сайтай гэдгийг би олон хүнээс сонссон. Хамгийн гол нь би гидромеханик мэргэжлийг сонгохоор шийдээд бүтэн жилийн турш судалсан. Энэ мэргэжил хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй ажлын байрны тоонд ороод 2-3 жил л болж байгаа, залуу мэргэжил. Зөвхөн ХААИС л энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Бусад сургуульд ус судлал гэсэн дагнасан ганц мэргэжил л байдаг юм билээ. Харин энэ сургуульд сурч гидромеханик мэргэжлийг эзэмшээд гарсан тохиолдолд байгаль орчинд ээлтэй бүх төрлийн мэргэжлээр ажиллах боломжтой. Ажлын байр сайтай гэдэг утгаар энэ мэргэжлийг, энэ сургуулийг сонгосон.



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn