Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС 60 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛТЭЙГЭЭ ЗОЛГОЛОО

2018-09-04 16:17:07

ХААИС анх малын эмч, зоотехникч, агрономич гэсэн  гурван мэргэжлээр хөдөө аж ахуйн салбарын дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байсан бол өдгөө таван бүрэлдэхүүн сургууль, дөрвөн хүрээлэн, үйлдвэрлэлийн нэгжүүдтэй, 1000 гаруй багш, эрдэм шинжилгээний ажилтан, 10.000 гаруй оюутантай, дотооддоо төдийгүй олон улсад нэр хүндтэй томоохон их сургууль болж өргөжсөн билээ. Мөн ХААИС-ийн бүрэлдэхүүн таван сургуулийн хоёр нь олон улсад магадлан итгэмжлэгдэж, дэлхийн их, дээд сургуулийн чансаанд эзлэх байраа сүүлийн дөрвөн жилийн дотор 6000  орчим байраар урагшлуулж чадсан нөр их амжилттайгаар 60 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ өчигдөр хийлээ. Нээлтэнд УИХ-ын дарга М.Энхболд, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, ШУА-ийн ерөнхийлөгч, малын гавъяат их эмч Б.Бямбаа, академич Ш.Дэмбэрэл, академич А.Бакей, Жайкагийн төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон дэд захиралууд, бүрэлдэхүүн сургуулиудын захиралууд оролцлоо.

Нээлтийг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга нээж шинээр элсэн орж буй оюутан залуустаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд манай их сургуулийн эрдмийн хамт олон таны ирээдүйн зорилгыг биелүүлэхэд бүхий л талаар дэмжин  тусалж, чин сэтгэлээсээ хамтран ажиллана. Энэхүү амлалт миний хувьд эрдэмтэн багш, профессоруудынхаа өмнөөс амлаж буй хамгийн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй амлалт байх болно гэлээ. Мөн БСШУСЯ-наас дэвшүүлж буй зорилго зорилттой уялдуулан энэ хичээлийн жилийг “Оюутны хөгжил-чанарын шинэчлэлийн жил” болгон зарлаж, “Оюутны хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр хэллээ.

Мөн УИХ-ын дарга М.Энхболд: Эх орондоо үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлсэд ХААИС-ийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа онцлоод, ДНБ-ий 20 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг хөдөө аж ахуйн салбарыг өндөр мэдлэгтэй, хөдөлмөрийн зах зээлийн болон ажил олгогчийн эрэлт хэрэгцээг хангасан шилдэг мэргэжилтнээр хангах үйлстээ их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Дээд боловсролын чанарыг сайжруулж, төгссөн оюутан нь эзэмшсэн мэргэжлээрээ богино хугацаанд ажилд зуучлагддаг, төгсөгч бүр ажлын байртай байх энгийн хэрнээ тодорхой, хамгийн эрхэм зорилтыг хангахын төлөө та бид ажиллах ёстой. Монгол орны хөгжлийн түлхүүр нь яах аргагүй хөдөө аж ахуйн салбар. Хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхийн тулд та бүхний суралцаж байгаа мэргэжил хамгийн чухал нь байх болно гэлээ. Мөн оюутны хөгжлийг дэмжих зээлийг сургуулиар нь дамжуулан олгох болсон, хүссэн оюутан зээлд хамрагдах боломж бүрдсэн баяртай мэдээг оюутнуудад дуулгав.

Нээлтийн үеэр Агроэкологийн сургуулийн профессор Т.Оюунчимэгийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон”-гоор шагналаа.

МААБС бэлчээр, тэжээллэг химийн тэнхимийн дэд профессор Ж.Ундармаа, профессор цол,  Агроэкологийн сургуулийн  газар тариалан, хөрс агрохимийн тэнхимийн багш Л.Даваа, Г.Солонго нарт дэд профессор цол, Дарханы Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Г. Алтангоо, ШУТИС-ийн багш н.Сийлэгмаа нарт хөдөө аж ахуйн ухааны доктор, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн багш Б.Хишигдаваад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн бизнесийн ухааны доктор, МААБС-ийн багш Б.Энхболорт БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн хөдөө аж ахуйн ухааны доктор, Л.Орхонтуулд бизнесийн ухааны магистр, Т.Сауржаньд техникийн ухааны магистрийн зэргийг тус тус олголоо.

ХААИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэгийг МЭС-ийн мал эмнэл зүйн 4-р курсын оюутан н.Нарангарав, МААБС-ийн Зоо инженерийн 3-р курсын оюутан н.Дашням, Агроэкологийн сургуулийн Агрономийн 3-р курсын оюутан н.Оюунбаяр, ЭЗБС-ийн нягтлан бодох бүртгэлийн 3-р курсын оюутан н.Ганчимэг нарын төлөөлөлд олгосон.

ХААИС Маркетингийн идэвхижүүлэлт аяны хүрээнд эрдэмтэн багш судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах мэргэжлийн хөтөлбөрүүд, тэдгээрийн мэргэжилтэнд олгох мэдлэг ур чадварыг сурталчилах зорилгоор элч оюутнуудыг хөдөө орон нутаг руу илгээх ажлыг гуравдахь жилдээ зохион байгуулж байгаа. Энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон “Шилдэг элч оюутнууд”-аар МААБС-ийн 3-р курсын оюутан н.Нацагдорж, ИТС-цахилгаан хангамжын 3-р курсын оюутан н.Дашдорж, ИТС-ийн Гидромеханикийн 3-р курсын оюутан н.Цагаанбаатар, ИТС-ийн Инженермеханикийн 2-р курсын оюутан н.Бямбажав нарыг зарлалаа.

Мөн ХААИС нь дэлхийн 80 гаруй орны 130-аад их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг.  Үүнээс таван сургуультай 2+2, 1+3, 3+1 хувилбаруудаар хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хичээлийн жилд ОХУ-ын Буриадын хөдөө аж ахуйн академитай хамтарсан хос хөтөлбөрөөр 3 оюутан, Новосибирскийн хөдөө аж ахуйн их сургуультай хамтарсан хөтөлбөрөөр 5 оюутан, Эрхүүгийн хөдөө аж ахуйн академитай хамтарсан хөтөлбөрөөр 22 оюутан,  БНСУ-ын Чонбүкийн үндэсний их сургуультай хамтарсан хос хөтөлбөрөөр 2 оюутан гээд нийтдээ 32 оюутан амжилттай төгссөн. Эдгээр оюутнуудын төлөөлөлд бакалаврын зэргийн диплом, энгэрийн тэмдэгийг гардуулсан юм. 

Нээлтийн төгсгөлд “Ньюанс” хамтлаг ая дуугаа өргөж, ХААИС-ийн оюутан залуучууд сүлд дуугаа эгшиглүүлсэн.  

 

 

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn