Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Боловсорч гүйцээгүй нялх мөөг түүснээс нөөц хомсдож байна

2019-06-17 15:49:33

Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, мөөгний судалгаа хийдэг судлаачид, үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, багш, эрдэмтэн, судлаачдын судлагаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль, ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэн "Мөөгний судалгаа II" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг  хоёрдахь жилдээ ХААИС-ийн эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа. 

Эрдэм шинжилгээний бага хуралд ХААИС-ийн  эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, МААБС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Д.Гүрбазар, ШУА-ын ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн  Ургамлын аймаг, Ангилал зүйн лабораторийн захирал доктор М.Ургамал, Мөөг институтийн захирал Б.Чимид, Монголын үндэсний шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч академич Ж.Гарьдхүү болон МУИС, Өвөрмонголын их сургууль, Хими технологийн хүрээлэн, ХААИС, Ургамал хамгаалалын эрдэм шинжилгээний хүрээлэн, “Мөөжиг органик” ХХК, “Хүрээт цагаан” ХХК зэрэг аж ахуй нэгж, мөөг сонирхогчид, эрдэмтэн судлаачид оролцсон юм.

Монгол орны мөөгний ангилал зүй, тархац, экологи, Мөөгний аймагт хамаарах бусад организмын судалгаа, Мөөгний плантаци, хэрэглээ, ач холбогдол гэсэн 3 чиглэлээр  20 гаруй илтгэл хэлэлцүүллээ.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын хуурайшилтын нөлөөнд хамгийн түрүүлж өртдөг организмын нэг нь дээд мөөг юм. Байгаль экологийн тэнцвэр алдагдаж байгаа өнөө үед мөөгийг хүнсний зориулалтаар бэлтгэх үед хөрсөн доорхи ургал биеийг гэмтээх, спор боловсроогүй нялх  мөөгийг түүснээс нөөц хомсдож, тархац нь мэдэгдэхүйц хумигдаж байгаа талаар эрдэмтэд дурдаад  зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй нэн ховор, ховор ашигт мөөгийн экологи, биологийн онцлог, тархац нөөцийг нарийвчлан тогтоож, үндсэн тархац нутгийг тусгай хамгаалалтанд авах, Генийн санг хадгалж хамгаалах, үржүүлэх арга технологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай. Мөн түүнчлэн ард иргэдэд байгалийн мөөгийг зөв таньж түүх, хадгалах, боловсруулах аргуудыг заан сургах ажлыг нэн тэргүүнд эхлүүлэх хэрэгтэй гэлээ.

Мөн шинжлэх ухааны байгууллагад байгаль, хүнс, эмийн ашигт “МӨӨГНИЙ ГЕНИЙН САН”-г хадгалж хамгаалдаг, үржүүлж олшруулдаг бие даасан судалгааны баг бүхий нэгж байгуулах нь зүйтэй. Ялангуяа мөөгний спор болон  цэвэр өсгөвөр ялган авч генийн санг хадгалан үлдэх, цаашлаад үржүүлэх технологийг боловсруулах, үржүүлэх ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй.

Их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт Микологийн хичээлийг оруулах, мөөгний биологийн идэвхийг хүн, амьтны хорт хавдрын эс дээр тодорхойлох, дархлаа сайжруулах идэвх, микробын эсрэг ба антиоксидант идэвхийг тодорхойлох шинэлэг чиглэлийн судалгааны ажлыг хийх шаардлагатай байгааг тэмдэглэлээ.

Мөн хурлаар Монгол орны мөөгийн нөөцийг зүй зохистой ашиглах, генийн санг хадгалах хамгаалах, мөөг үржүүлэх, эмийн ба хүнсний чанарыг нь нарийвчлан тогтоох, судлах, хүн төрөлхтөний тусын тулд өндөр технологи шингэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үндэсний судлаачид, үйлдвэрлэгчид, сонирхогчид нэгдэн нягтарч, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жилд нэг удаа хийж тогтмолжуулах, Мөөг судлал нэртэй эрдмийн бүтээлийг тогтмол хэвлэн гаргах санал санаачлагыг оролцогчид тавьж байв.

Энэ үер Монголын шинжлэх ухааны үндэсний академийн тэргүүлэгч гишүүдийн саналаар доктор, профессор Х.Алтанцэцэгт Монголын шинжлэх ухааны үндэсний академич цол мөн Монголын мөөг судлаач, сонирхогчдын нэгдсэн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн тамга тэмдэгийг тус академийн ерөнхийлөгч Ж.Гарьдхүү гардууллаа



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn