Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлнэ

2019-07-04 17:12:16

“Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх нь” сэдэвт уулзалт семинарийг Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн газартай хамтран Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.

Хѳдѳѳ аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулах, шинэ санаа, тѳслѳѳ танилцуулах, түүн дээрээ үндэслэн бодит бизнесийн загварыг бий болгох, БНСУ-ын зөвлөхүүдээс зөвөлгөө авах, туршлага солилцох зэрэг боломжуудыг олгосон уулзалт болж өнгөрлөө.  

Монголын хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаанд суурилсан ухаалаг технологийг нэвтрүүлснээр ард иргэд, цаашлаад улсын эдийн засагт тулгуур болох алсын зорилгын хүрээнд хийж байгаа юм. ХАА-н салбарт 10 жилийн дараа ямар технологи хэрэгтэй байна гэдгийг ХААИС-ийн эрдэмтэд, ХАА-н салбарт бизнес эрхлэгчдийн төслүүдээс сонгож 2-3 төслийг БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн газраас санхүүжүүлнэ. Улмаар БНСУ-д ашиглаж буй дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах зорилготой гэж зохион байгуулагчид онцолж байлаа.

Түүнчлэн уулзалтад 300 ажилтантай “Asia Today” хэвлэл мэдээллийн байгууллагын ерөнхийлөгч сэтгүүлчдийн багтайгаа хүрэлцэн иржээ.

Учир нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Азийн зах зээл дээр гаргахад Азийн хэвлэл мэдээллийн байгууллага хамтарч ажиллахаар Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. 

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга:

“Монголын Хөдөө аж ахуйн салбарт салбарын бизнесийг хөгжүүлэх, инновацийг бий болгох, ухаалаг технологийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. ХААИС-ийн судлаачдийн бий болгосон судалгааны үр дүн, инноваци цөөнгүй бий. Эдгээр инновацийг хэрэгжүүлэх талаар гадаадын их сургуулиудтай  хамтран ажиллаж судалгааны үр дүнг улам сайжруулж байгаа. Одоогийн байдлаар ХАА-н салбарт 600 гаруй инновацийн бүтээгдэхүүн бий. Бид 300 орчим бүтээлээр каталог хийж бизнес эрхлэгчдэд хүргэсэн. Өнөөдрийн энэ хэлэлцүүлэгээр 10 орчим инновацийн төслийн үр дүнг хэлэлцүүлж бизнес болгох юм. Үүний нэг нь хүлэмжийн аж ахуйг ухаалаг болгох төсөл. Манай улсад 20 орчим га хүлэмжийн аж ахуй байдаг. Дотоодын нийт хэрэгцээний жимс жимсгэний 1.3 хувийг л хангадаг. Тиймээс хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, технологийг нь ухаалаг болгох хэрэгтэй” гэлээ.

Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн дэд тэргүүн З.Энхмөнх 

“Хөдөө аж ахуйн салбарт залуу бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих, сүүлийн үеийн технологийг хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцаж, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй эрдэмтэн профессорууд өөрсдийн төслүүдээ танилцууллаа. Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн нэг зорилго нь залуу бизнес эрхлэгчдийг хөдөө аж ахуйн салбарт ухаалаг газар тариалан, ухаалаг мал аж ахуйг нэвтрүүлэхэд гүүр нь болж, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллана” гэв. 

Монгол дахь “КОПИА” төвийн захирал Чой Ман Ёон

 “Монгол хөдөө аж ахуйн салбарын цаашдын хөгжилд БНСУ-ын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Монгол дахь “КОПИА” төв болон орон нутгийн хөгжлийн удирдах газар анхаарлаа ихээр хандуулж байна. Энэ удаагийн уулзалтаар манай төв дээр хэрэгжиж байгаа төслүүдийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хурдан хугацаанд дэмжих боломжтой өөр ямар төслүүд байгааг судлахын тулд оролцож байна. Төслүүдийн хувьд зах зээлийн судалгаан дээр үндэслэгдсэн учраас цаашид хэрэгжих боломжтой хэмээн харж байна” гэв.

"Би энд Ти Анализ" ХХК-ийн захирал, шинжээч Т.Баттөгс:

Дрон технологийг манай улсын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага их бий.  Манай компани DJI дроны албан ёсны дистрибьютор "Хоббизоон" ХХК-тай, хамтран хөдөө аж ахуйн Аграс дроны анхны хээрийн туршилт, программын дүн шинжилгээ, газар тариаланд инноваци нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Уг дроноор газар тариалангийн хор цацах, бордоо цацах, хөрсний дүн шинжилгээ, ургамлын дүн шинжилгээг дотооддоо хийх боломжтой болох юм. 4,000-6,000 метр квадрат талбайд 10 минутын дотор шингэн хор болон бордоо цацах боломжтой нь гар аргаар цацлага хийхтэй харьцуулахад 40-60 дахин хурдан хугацаа юм" хэмээн ярилаа.

 

“Монголын нөхцөлд тохирсон ухаалаг тариалангийн систем”, “Монгол малын генетик нөөцийн судалгаа, мэдээллийн сан”, “Ухаалаг газар тариалан”, “Газар тариалангийн дронжсон технологи”, “ХАА-н газрын мониторингийн зураглалыг хөнгөн нисэх төхөөрөмжийн (Drone) тусламжтайгаар байгуулах”, “Говийн бүсийн эмийн ашигт ургамлын үрийн цуглуулга хийж тарималжуулах технологийг боловсруулах”, “Хүнсний аюулгүй байдал ба биотехнологи”, “Компост бордооны тогтвортой үйлдвэрлэлийн технологи”, “Газар тариаланд мэдрэгч багажуудын үүрэг”, “Сүүний чиглэлийн ямаа үржүүлэх”, “Инвитро өсгөврийн аргаар алтайн сонгино болон вирусын өвчингүй улаан хальст сармисын масс үржүүлэг” хийх зэрэг төслүүдийг уулзалтын үеэр танилцууллаа. 

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn