Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн ахмад багш, хүндэт доктор, гавьяат барилгачин Б.Рагчаа “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ

2019-07-08 17:07:14

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн босгон дээр ХААИС-ийн ахмад багш, хүндэт доктор, гавьяат барилгачин Б.Рагчаад өнөөдөр /2019.07.08/ Монгол улсын тусгаар тогтнол, хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн 8252 км шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн, хилийн тэмтэгтүүдийг солбилцолжуулсан, хянан магадласан, Улсын хилийн зурвас болон БНМАУ-ын нутаг дэвсгэрийг төрөл бүрийн масштабтай газрын зургаар зурагжуулсан, улсын газар нутгийн хэмжээг тогтоож НҮБ-аар батлуулсан, Геодези, зураг зүйн салбарыг үүсгэн байгуулж, хөгжүүлсэн, Геодези, зураг зүй, Газар зохион байгуулалт, Газрын кадастрын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар” цол олгож, Сүхбаатар одонгоор энгэрийг нь мялаав.

Үүний дараа Барилга, хот байгуулалтын сайд болон Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Б.Рагчаа нь 1933 онд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн. 1951 онд Улаанбаатар хотын Мал эмнэлгийн техникумын гидротехникийн ангийг гидротехникч мэргэжлээр, 1959 онд Москва хотын Газар зохион байгуулалтын дээд сургуулийн Геодезийн ангийг геодезийн инженер мэргэжлээр төгссөн.

1996-2009 он хүртэл Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн Газар зохион байгуулалтын тэнхмийн багш, эрхлэгч, зөвлөх багшаар ажиллаж байсан.

Тэрээр 1951-1965 онд усалгаатай тариаланг хөгжүүлэх зорилгоор нийт 18 газрын 120211 га талбайн1:10,000, 1:1000-ны масштабтай байр зүйн зургуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн Хөдөө аж ахуйн дээд сургуульд газар зохион байгуулалтын ангийг нээхэд үнэтэй хувь нэмэр оруулж Газар зохион байгуулалтын салбарыг бүх талаар нь бие даалгасан. Өөрийн бичсэн сурах бичиг, хөрс ургамал, геодезийн сургалт, дадлага хийх өндөр нарийвчлалын багажууд, суурин боловсруулалт хийх 20 компьютер бүхий мэдээллийн лаборатори, Москва хотын Газар зохион байгуулалтын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль хооронд шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус сургуулийг материаллаг баазаар бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эрхэм юм.

Б.Рагчаа өөрөө санаачлан Монгол улсын нутаг дэвсгэрийн талбайн хэмжээ 1566.5 мянган км2, захын цэгүүд хоорондох зай, оноосон нэр, байршил /солбилцол/, баруун захын цэг /Мааньт уул/, зүүн захын цэг /Модтой хамар/ хооронд 2392.0 км, хойд захын цэг /Тэнгис даваа/, урд талын захын цэг /Орвог гашууны бор толгой/ хоорондох зай 1259.0 км, улсын хилийн шугамын урт ЗСБНХУ-тай 3485 км, БНХАУ-тай 4673 км, гурван улсын хилийн баруун уулзварын цэг 4104 тоот өндөрлөг, зүүн талын уулзварын цэг Тарваган дахын овоо 645.0 тоот өндөрлөг, Монгол улсын нутаг дэвсгэрийн хамгийн өндөрлөг цэг Таван богд уулын Найрамдал оргил 4374 м, нам цэг 560 м гэсэн тоо баримтыг хамтран ажиллаж байсан хүмүүсийн оролцоотойгоор судалж, тодорхойлон Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 149-р тогтоолоор батлуулжээ.

Онцолбол: Монгол улсын хилийн комиссуудад ажиллахдаа өөрийн санаачилгаар олон газрын асуудлыг шийдвэрлэснээс зөвхөн 1 обьектоос л 100000 орчим га газрыг Монгол улсын талд шууд оруулж байсан түүхтэй эрхэм юм.

                                                                    



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn