Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

УИХ-ЫН гишүүн А.Ундраа оюутнуудад тэтгэлэг олгоно

УИХ-ЫН гишүүн А.Ундраа оюутнуудад тэтгэлэг олгоно

2019-01-08 19:03:26

УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ А.Ундраа өнөөдөр ХААИС-д ажиллаж, оюутнуудыг дэмжих “Идэр оюуны ундраа” аяныхаа нээлтийг хийлээ.

Тэрбээр шинжлэх ухаан, боловсролыг дэмжих, оюутан залуусын сургалт, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Идэр оюуны ундраа” аяныг өнгөрсөн жилээс  санаачилж, МУИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбарын 10 оюутанд  сургалт, судалгааны тэтгэлэг олгож байсан.

Шилдэг оюутанд олгох тэтгэлгийг энэ жил ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд мал аж ахуй, биотехнологийн чиглэлээр суралцаж буй 5, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарын 10, нийт 15 оюутанд олгохоор шийдвэрлэснээ өнөөдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болсон “Идэр оюуны ундраа” хөтөлбөрийн нээлтийн үеэр мэдэгдлээ.

Монгол Улсад хөдөө аж ахуйн чиглэлийн голлох мэргэжилтнүүдийг бэлтгэдэг ганц сургуулийн оюутнуудыг хөтөлбөртөө хамруулах боломж олгосон УИХ-ын гишүүн А.Ундраад ХААИС-ийн захирал Т.Хэрүүга талархал илэрхийлээд сургалт, судалгааны ажлынхаа талаар товч танилцуулсан.

Тэрбээр “ХААИС сургалт, судалгаа, инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас  гадна төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран ажилладаг. Ялангуяа хөдөө аж ахуйн чиглэлээр гарч байгаа томоохон хууль, тогтоомжууд, төрийн захиргааны байгууллагаас гарч байгаа зарим шийдвэрт манай судлаачдын оролцоо их байдаг.  2017 онд УИХ-аас соёрхон баталсан Биологийн олон янз байдлын конвенц (1992), Нагояагийн протокол (2010) зэрэгт нийцүүлэн Малын эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг шинээр баталсан нь мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах эрхзүйн таатай орчныг бүрдүүлсэн чухал зүйл болсон. Үүний үр дүнд мал аж ахуйн салбарт эргэлт гарч нэгэн үе төрийн бодлогын завсарт үлдэж хоцроод байсан малчин, мал аж ахуйн мэргэжилтэн, эрдэмтдийн үүрэг, оролцоо нийгэмд нэмэгдэж өнөөдөр хөгжлийн шинэ чиглэл рүү алхаж байна” хэмээгээд Мал аж ахуй, биотехнологийн салбарт эрдэмтэн, судлаачдын судалгаа шинжилгээний үр дүнг нэвтрүүлэх, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, залуу үеийг эрдэм шинжилгээ судалгаанд татан оролцуулах, дур сонирхлыг нэмэгдүүлэх нь зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо.

Т.Хэрүүга захирал мөн оюутнуудыг дэмжиж парламентийн гишүүд, орон нутгийн байгууллагууд, бизнесийнхэн хамтран ажиллах санал ирүүлж байгаа тухай дуулгаад “Өнгөрсөн долоо хоногт бид Өмнөговь аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээгээ сунгаад ирлээ. Өмнөговь аймаг 2019 оныг “ХАА-н салбараа хөгжүүлэх, ХАА-н үйлдвэрлэлийн жил” болгон зарласан байна билээ. Энэ хүрээнд манай оюутан, багш, судлаачдын 21 төслийг хэрэгжүүлэхээр дэмжсэн байна” гээд ХААИС оюутнуудын судалгаанд суурилсан бүтээлүүдийг үйлдвэрлэл болгох тал дээр анхаарал тавьж ажиллана гэдгээ илэрхийлсэн.  

УИХ-ын гишүүн А.Ундраа хөтөлбөрийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол улсын хувьд эдийн засгийн гол тулгуур нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар бөгөөд эдийн засгийг солонгоруулах, уламжлалт нүүдлийн мал аж ахуй, эрчимжсэн мал ахуйг хослуулан хөгжүүлэхтэй холбогдуулан шинжлэх ухааны хөгжил дэвшлийг дэмжих, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлд биотехнологийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ үр дүнг нэвтрүүлэх, эрчимжүүлэхэд оюутан залуус, багш судлаачдын оролцоо, идэвхийг өрнүүлэх, тэднийг дэмжсэн төрийн бодлого нэн шаардлагатай байгаад дурдаад  тэтгэлэгт хөтөлбөрийг байгалийн шинжлэх ухаан, мал аж ахуй, биотехнологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна оюуны хөдөлмөрийн үнэ цэнэ, ач холбогдлыг онцлох, оюунлиг залуусыг нийгэмд үнэлүүлэх зорилгоор санаачилснаа хэлж байлаа. Мөн онолын болон хэрэглээний шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инженер бэлтгэх энтрепренер буюу бүтээлч сэтгэлгээг хөхиүлэн дэмжихэд төр, хувийн сектор, хүмүүнлэгийн байгууллага, сан, хувь хүмүүсийг манлайлан оролцохыг уриалсан.

ХААИС өнгөрсөн жилийг “Багшийн хөгжлийн жил” болгон зарлаж байсан бол 2019 оныг “Оюутны хөгжлийн жил” хэмээн тодотгож, энэ хүрээнд Оюутны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж оюутнууддаа танилцуулахад бэлэн болсон бөгөөд хөтөлбөрийн нээлтийг тун удахгүй хийхээр бэлтгэж буй юм.

Тус сургуулиас 2019 онд оюутнуудад хандан олон ажил хийхээр төлөвлөсний нэг нэг нь “Идэр оюуны ундраа” хөтөлбөр. УИХ-ын гишүүн А.Ундраагийн   санаачлагаар олгох энэхүү тэтгэлгийг бакалаврын 2, магистр болон докторын сургалтын 3 оюутан хүртэх бөгөөд өнөөдрөөс зарласан уралдаанд тэргүүлсэн шилдэг оюутан тус бүртээ  1.0 сая төгрөгийг гардах аж. Тэтгэлгийн уралдааны дүн ирэх гуравдугаар сарын 1-нд гарна.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 2018-2021 онд буюу 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд жил бүр болзол, шалгуурыг хангаж амжилттай суралцсан оюутан тус бүрт 1’000’000 /нэг сая/ төгрөгийн тэтгэлгийг судалгааны үйлст нь зориулан санхүүгийн дэмжлэг болгон  олгох юм. 

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт 2019 оны нэгдүгээр сарын 7-ноос гуравдугаар сарын 1-нийг дуустал явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авч болно.

www.muls.edu.mn   ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, 23 тоот өрөө захирлын туслах ажилтан Утас: 976-75107777-223; 976-11-341924;

www.undraa.mn


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn