Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Монгол орны иксод хачиг, тэдгээртэй тэмцэх арга” номын нээлт боллоо

“Монгол орны иксод хачиг, тэдгээртэй тэмцэх арга” номын нээлт боллоо

2019-02-02 10:44:25

Монгол орны мал эмнэлгийн паразит судлалын ухаан болон мал эмнэлгийн шинжлэх ухааны үндсийг боловсруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн бол академич, шинжлэх ухааны нээлтийн эзэн Мөнхдоржийн Даш юм. Түүний “Монгол орны иксод хачиг, тэдгээртэй тэмцэх арга” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг горилж 1986 онд  Герман улсад орос хэл дээр туурвисан бүтээлийг академич Б.Бямбаа, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, профессор Б.Батцэцэг, ХААИС-ийн Магистр докторын сургуулийн захирал, профессор Б.Баттөр нар орос хэлнээс орчуулан нэгэн сэдэвт бүтээл болгон хэвлүүлж, өнөөдөр /2019.02.01/ Мал эмнэлгийн хүрээлэнд нээлтээ хийлээ.

Номын нээлтэнд ШУА-ийн дэд ерөнхийлөгч ХАА-н Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич, доктор (ScD) профессор Б.Бямбаа, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич, доктор (ScD) профессор Б.Авид, академич, доктор (ScD) профессор Ч.Авдай, академич, доктор профессор Д.Дулмаа, академич, доктор профессор Г.Дугаржав, Мө.Даш докторын төрсөн дүү доктор, профессор М.Отгон, академич доктор (ScD) профессор Ш.Дэмбэрэл, академич, доктор (ScD) профессор А.Бакей, төрийн соёрхолт, доктор (ScD) профессор Ц.Базарцэрэн, ХААИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулга, Эрдэм шинжилгээний ажлын албаны дарга, доктор Б.Баярмаа болон мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаачид оролцов.

Академич, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, шинжлэх ухааны нээлтийн эзэн Мө.Даш нь өөрөө сайн судлаач, эрдэмтэн байгаад зогсоогүй, судлаачдын залуу үеийг бэлтгэх, тэдэнд туршилт, судалгааны ажлын арга зүй эзэмшүүлэх, мал эмнэлгийн паразит өвчин судлалын бүхэл бүтэн шавь сургуулийг хөгжүүлсэн түүхэн гавьяа байгуулсаны зэрэгцээ Монгол улсын Шинжлэх ухаан, техник, дээд боловсролын улсын хорооны даргаар ажиллаж Монгол улсад шинжлэх ухаан, дээд боловсролыг хөгжүүлэхэд мэдлэг, оюун ухаанаа зориулж ирсэн нэгэн болох тухай түүний шавь нар, болон хамт ажиллаж байсан академич нар дурсан ярьж байлаа.

Академич, Мө.Дашийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг горилж туувисан “БНМАУ-ын иксод хачиг, тэдгээртэй тэмцэх арга хэмжээ” бүтээлд Монгол орны бэлчээрийн хачгийн зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, биологи, экологи, хорт чанарын үндсэн шинж, эзэн амьтан, малд зонхилон шимэгчилдэг хачгууд, тэдгээрийн идэвхижилтийн улирлын хөдлөл зүй, малд асах хугацаа, хачгаар дамжин халдварладаг хүн-малын халдварт өвчин, хачигт баригдсан малын бие махбодод үүсэх эмгэг, малын арьс ширэнд үүсэх гэмтлүүд, хачгийн хор хөнөөлийн эдийн засгийн хор хохирлын хэмжээ, хачгаас сэргийлэх аргын тухай тодорхой өгүүлжээ.

Бэлчээрийн хачгийн тархалт их, үйлийн бүрэлдэхүүн арвин, хачгаар дамждаг хүн, малын өвчний халдварлалт, хор хохирол анхаарал татсан хэвээр байгаа өнөө үед академич, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, шинжлэх ухааны нээлтийн эзэн Мө.Даш багшийн бүтээлийн ач холбогдол, үнэ цэнэ нь улам өссөөр байна. Ийм учраас энэхүү бүтээл нь Монгол орны биологи түүний дотор паразит судлалын шинжлэх ухааны асар их ач холбогдолтой төдийгүй малчид, малын эмч нар, арьс шир, ноос ноолуур үйлдвэрлэгчид, бодлого боловсруулагчид, ч анхааран судлах шаардлагатай томоохон бүтээл юм.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn