ХААИС БНСУ-ЫН НОНСАН ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-12-22 12:53:18

БНСУ-ын Нонсан хотын захирагч, төлөөлөгчдийн хамт өнөөдөр (2022-12-20) ХААИС-д зочилж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

БНСУ-ын одоогийн Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийн төрөлх хот Нонсан нь төрөл бүрийн сортын гүзээлзгэнийн үйлдвэрлэлээрээ алдартай. Мөн эрт үеэс цэрэг, батлан хамгаалахын үйлдвэрлэл төвлөрсөн учраас энэ чиглэлийн инновацын кластерийг бий болгох, аялал жуулчлал, тээврийн дэд бүтцийг бэхжүүлэхэд хөгжлийн бодлогоо чиглүүлж буй хот юм. Одоогийн Ерөнхийлөгч төрөлх хотоо хөгжүүлэхийн төлөө санаа тавьж буй тул цаашид улам цэцэглэнэ хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хотын дарга уулзалтын үеэр онцоллоо.

ХААИС-ийн хувьд газар тариалангийн чиглэлээр суралцаж буй оюутан, суралцагчдыг урт, богино хугацаагаар дадлага хийлгэх, хөгжингүй орны дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаарддаг жимс, жимсгэнэ, хүнсний ногоог богино хугацаанд тээвэрлэх, агаарын тээвэр, логистикийг хөгжүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тус хотод Коньян, Геумганг зэрэг их сургууль байдаг бөгөөд цаашид тус сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.