ERASMUS+ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХААИС-ИЙН АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛИЙН ЭКОЛОГИЙН ТЭНХИМД ХОЁР ЛАБОРАТОРИ НЭЭГДЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-12-02 13:35:57

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхим дээр Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Erasmus+ 2 төслийн хүрээнд мэдээлэлийн төв болон лабораторийг ашиглалтад орууллаа. Үүнд: Erasmus+Ecoserve төслийн хүрээнд Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Экосистемийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд хэрэглэгдэх мэдээлэлийн төвийг байгуулж, суурин болон зөөврийн компьютер, зургийн аппарат, дэлгэц, лабораторийн зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Erasmus+Ecoserve төслийн зорилго нь тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үйлчилгээний магистрын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, ОХУ, болон Монгол улсын их, дээд сургуулиудад багшлах чадварыг сайжруулах, сургалтанд хамруулах, Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чиглэлээр их, дээд сургууль, олон улсын сүлжээний төв байгуулахад оршиж буй юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чиглэлээр их дээд сургууль, олон улсын сүлжээний төв байгуулахад нийт 76 332 000 төгрөгийн компьютер, багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бол Агроэкологийн сургуулиас 1 сая төгрөгийн нэмэлт хэрэгсэл, тохижуулалтын зардлыг шийдвэрлэж өгсөн байна. Уг төсөлд Испани, Орос, Монгол, Румын, Финланд, Итали зэрэг  6 улсын нийт 14 байгууллага, их сургууль хамтран ажилласан ба Монгол улсаас ХААИС, Эко Ази дээд сургууль, Хөвсгөлийн Улаан Тайгын Улсын Тусгай Хамгаалалттай Газар нутгийн захиргаа, Аргун-Манлайлагч төрийн бус байгууллага оролцсон байна.

 

Хоёр дахь лаборатори нь ERASMUS+ MONGWBL төслийн хүрээнд Байгалийн аялал жуулчлалын тэнхимд 114 сая төгрөгийн үнэ бүхий тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. ERASMUS+MONGWBL төслөөр байгуулсан энэхүү лабораторийн суурин компьютерүүдэд WINDOWS-ийн хэрэглээний программууд болон SMART PLS, SPSS 23, Arc GIS 10.8 зэрэг пррограммуудыг суулган сургалтад ашиглаж байна. Цаашид аялал жуулчлалын салбар нь орчин үед дижитал, виртуал орчинд илүү чиглэж байгаатай холбогдуулан зураг, бичлэг, контент боловсруулах, бэлтгэх программууд болон салбарын захиалгын болон төлбөрийн, бүртгэлийн, удирдлагын системийн software-уудыг суулгаж сургалтдаа ашиглахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү лабораторийг тохижуулахад сэтгэл гарган оролцсон ХААИС, АЭС, багш судлаач, оюутан, төгсөгчиддөө тус тэнхимийн хамт олны зүгээс талархсанаа илэрхийллээ.

Тус төсөл нь их дээд сургуулиудын дадлагын өнөөгийн тогтолцоог сайжруулах, ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм. Төслийг Отгонтэнгэр их сургууль зохицуулж, Европын холбооноос Герман, Франц, Румын, Грек улсын их сургуулиуд, Монгол улсаас БШУЯ, ОТИС, СЭЗИС, ХААИС, Дорнод ИС, СУИС болон ажил олгогчдоос Төрийн банк, Голомт банк, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран оролцож байна.