Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газар санаачлан “Судалгаанд суурилсан оюуны өмчийн менежмент” сэдэвт семинарыг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа.
Семинарын зочин илтгэгчээр Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Оюуны өмчийн түлхүүр” ХХК-ийн захирал, доктор Д.Лхагвасүрэн уригдан оролцож, “Оюуны өмчийн эрх зүйн орчин ба зохицуулалт”, “Их, дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагын оюуны өмчийн менежмент” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.
Илтгэлийн хүрээнд тэрээр судалгааны үр дүнг патент, зохиогчийн эрх, ашигтай загвар, барааны тэмдэг хэлбэрээр хамгаалах боломж, түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагууд оюуны өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулах стратеги, менежментийн оновчтой арга замуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Эрдэм шинжилгээ, технологи дамжуулалтын газрын дарга, доктор (Ph.D) Б.Баярмаа семинарын үеэр оюуны өмчийн үнэ цэнэ, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд үр ашигтай оруулахад судлаачдын идэвх, хариуцлагын чухлыг онцлон тэмдэглэв.
Мөн тэрээр ХААИС-ийн оюуны өмчийн бодлого, багш, судлаачдын судалгаанд суурилсан инновацын үйл ажиллагааг дэмжих, багш, судлаачдын оюуны өмчийн эрхийг хамгаалах, үр ашигтай ашиглах, эзэмшлийн талаар дурдав.
Семинарт ХААИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудын багш, судлаачид, номын сангийн ажилтнууд болон ахисан түвшний оюутнуудын төлөөлөл оролцож, судалгааны үр дүнгээ хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх талаар шинэлэг мэдлэг, туршлага солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.
Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газар