Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Эрдэмтний хөгжлийн академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Дарьзавын Борыг төрийн дээд Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.
Д.Бор Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгсөөд 1963 онд ЗХУ-ын Ленинградын Хөдөө аж ахуйн дээд сургуульд оюутан болсноор хөдөө аж ахуйтай холбогдож доктор болтлоо ажиллаж амьдарсан түүхтэй. Төгсөж ирээд 1968-1971 онд Дорнод аймгийн Халхголын хөдөө аж ахуйн нэгдсэн туршлага станцад эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1971-1981 онд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1981-1983 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэл /МХЗЭ/-ийн Төв хорооны II нарийн бичгийн дарга, 1983-1987 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд секторын эрхлэгч, 1987- 1997 онд ХААИС-д багш, 1997-1998 онд Монгол мэдлэгийн их сургуульд дэд захирал, 1998 онд хөдөө аж ахуйн анхны хувийн Монгол фермер дээд сургуулийг нөхдийн хамт үүсгэн байгуулж гүйцэтгэх захирал, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд судлаачаар ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан байна.
Оюутан болсон цагаас орос хэлд шамдан суралцаж өөрийн сонирхолд хөтлөгдөн оросын уран зохиол тэр дундаа яруу найргийг онцгойлон судалж Есенин, Пушкин, Гамзатов нарын шүлгийн цоморлиг “Тогоруун цуваа”, Сергей Есениний “Аяа миний амин хайртай Орос орон мину”, Александр Сергевич Пушкины “Пушкины шүлгүүд”, Расул Гамзатовын “Шүлэг найраглал”, Кабардино-Балкарийн ардын уран зохиолч Муталип Биппаевын “Сэрэхүй мэдрэхүйн сүүдэр зураг” зэрэг шүлгийн түүврийг орчуулан эмхэтгэж, яруу найргийн “Алтан овоо мину”, “Шилийн богд”, “Гангын цагаан нуур”, “Товч толь”, “Тод толь”, “Дарьганга аялгуу” ном хэвлүүлж, "Дандаа ийм л байгаасай" "Миний л хөөрхөн үрс", "Уйдашгүй амраг" зэрэг дууг хөгжмийн зохиолчидтой хамтран бүтээж уншигч, сонсогч олны хүртээл болгожээ.
Хөдөө аж ахуйн ухааны доктор, яруу найрагч Д.Борын уран бүтээлийг үнэлж “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэгтэн”, “Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч”-аар шагнасан бол 80 давсан насандаа Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн тэмдгийг энгэртээ гялалзуулсанд баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
