“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Чиба болон Яманаши их сургуульд ажиллав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-06-05 19:17:18

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Биотехнологийн аргаар Сибирь шинэс (Larix sibirica Ledeb.)-ийн зигот үр хөврөлөөс масс үржүүлэг хийх, эндофит мөөгөнцрийн омгоор биобэлдмэл гарган авах” төслийн удирдагч доктор, дэд профессор В.Энхчимэг, доктор А.Гоомарал, докторант Л.Цэрэндэжид нар Япон улсын Чиба их сургууль, Яманаши их сургуульд 2026 оны 05 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд судалгааны ажлын үр дүн болон төслийн эцсийн тайлантай холбоотой ажлуудыг хэлэлцэн ажиллав.

Уулзалтын үеэр шинэсэн ойн модноос ялган авсан эктомикориза болон эндофит мөөгөнцрийн омгийн судалгааны арга зүй, ургамлын өсөлтөд үзүүлэх идэвхийн үнэлгээ, мөөгөнцрийн морфологийн онцлог, генийн дарааллын секвенсийн шинжилгээний үр дүн зэрэг судалгааны ажлын үр дүнг нэгтгэн төслийн тайланд тусгав.

Мөн төслийн хамтрагч Япон улсын Чиба их сургуулийн профессор М.Ямато, Яманаши их сургуулийн профессор Р.Катаока нартай хамтран хэрэгжүүлж буй судалгааны ажлын явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, судалгааны шинэ санаачилга, олон улсын индексжүүлсэн (IF бүхий) эрдэм шинжилгээний сэтгүүлд хамтарсан өгүүлэл хэвлүүлэх боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэх боломж бүрдүүлж, дэмжлэг үзүүлсэн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”, Чиба их сургуулийн профессор М.Ямато, Яманаши их сургуулийн профессор Р.Катаока, түүнчлэн Хөдөө аж ахуйн их сургууль болон Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн удирдлагуудад гүн талархал илэрхийлье.