ХААИС, АШУҮИС, Вонгван их сургууль хамтарсан “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлал” хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын чиглэлийг хэлэлцлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-09-10 16:30:00

Монгол Улсын ерөнхийлөгчийн “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС), Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), БНСУ-ын Вонгван (Wonkwang) их сургууль хамтран хэрэгжүүлж буй “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлал” бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хурал 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд  боллоо.

Хурлаар хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын төлөвлөгөөний шинэчлэл, олон улсын сургалтын чиг хандлага, оюутан, багшийн солилцоо, хамтарсан судалгааны боломж болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.

 Тус хөтөлбөр нь уламжлалт эмийн ургамлын тарималжуулалт, чанар аюулгүй байдлыг хангах, судалгаа шинжилгээ хийх, түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, инновац нэвтрүүлэх чиглэлээр олон улсын түвшинд ажиллах мэргэжилтэн бэлтгэхэд чиглэж байна.

Хурлын эхний хэсэгт гурван их сургуулийн үйл ажиллагаа, хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилт болон олон улсын туршлагыг танилцуулж, нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулсан бол хоёрдугаар хэсэгт стратеги төлөвлөлт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, оюутан багшийн солилцоо, хамтарсан судалгаа зэрэг асуудлаар санал солилцлоо.

Мөн хурлын үеэр “Монгол орны уламжлалт эмийн ургамал” сэдэвт үзэсгэлэн дэлгэгдэж, эмийн ургамлын судалгааны үр дүн, сорьцуудыг танилцуулсан юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол орны уламжлалт эмийн түүхий эд, ургамлын нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, хамгаалах, тарималжуулахын зэрэгцээ олон улсын жишигт нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.