Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Япон Улсын “Ниппон сан”-гийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрийн энэ оны батламжийг шалгарсан 110 оюутанд гардууллаа. Эдгээрээс Хөдөө аж ахуйн их сургуулийн (ХААИС) мал эмнэлзүй, мал аж ахуй, тэжээл бэлчээр судлал, агрономи, ургамал хамгаалал, хөрс судлал зэрэг мэргэжлийн 19 оюутан тэтгэлгээ гардан авсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр батламж гардуулах үеэрээ “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” нь 12 жил үргэлжлэх бөгөөд нийт 1,000 оюутныг сургаж бэлтгэхэд 5 сая гаруй ам.доллар зарцуулахыг тодотгов. Сонгогдсон оюутнууд сургуулиа төгсөөд орон нутагтаа гурван жил ажиллаж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнд болон эх орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тус бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт ХААИС, МУИС, АШУҮИС, ШУТИС-д тусгайлсан мэргэжлээр нэгдүгээр дамжаагаа амжилттай төгссөн, орон нутагтаа ажиллах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой юм. Энэхүү дэмжлэг нь ХААИС-ийн оюутнуудын хувьд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь томоохон хөрөнгө оруулалт болж байна.

Тэтгэлэгт шалгарсан нийт оюутнууддаа сурлага, судалгааны өндөр амжилт хүсье!