Монгол Улсад ХАА-н зохистой дадлыг хэрэгжүүлсэнээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэж чадна

Нийтлэгч : .
Огноо: 2017-09-26 11:11:46

“Алтан дээд Монгол чанар” ГҮТББ-ийн санаачилгаар “Дэлхийн эко хөгжлийн зохистой дадал ба нүүдлийн соёл иргэншил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хурлыг 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Гадаад хэргийн яаманд амжилттай зохион байгууллаа. Уг олон улсын хуралд Дэлхийн 124 орны 400 гаруй гишүүн байгууллага, 185 000 итггэмжлэгдсэн үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг “Дэлхийн ХАА-н Зохистой Дадал” олон улсын байгууллагын  дэд ерөнхийлөгч, Флавио Алзуэта, мөн байгууллагын шинжээч Диэго Салгадо нар болон ХХААХҮЯ-ны мэргэжилтэнүүд, “Их Монгол Язгууртан” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга, Ө.Баяраа,  гишүүн байгууллагуудын төлөөлөл, фермерийн эзэд, мэргэжлийн холбоод болон ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, доктор, профессор Г.Гантулга, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор О.Баатарцогт, профессор багш, судлаачид оролцож санал бодлоо хуваалцлаа. 

Уг олон улсын хуралд ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор, Ж.Шинэхүү “Мал аж ахуйн үйлдвэрлэлд зохистой дадлыг хэрэгжүүлэх нь” сэдвээр, мөн сургуулийн багш, ХААИС-ийн дэргэдэх  “ХАА-ийн Зохистой Дадал” төвийн эрхлэгч, доктор Б.Энхжаргал “Газар тариалангийн үйлдвэрлэлд зохистой дадал нэвтрүүлэх боломж, сорилт” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн нь оролцогчдын сонирхлыг ихээр татаж байв. 
Хэдийгээр “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай” хууль 2012 онд батлагдаж, ХАА-н үйлдвэрлэлл эрхлэгчид ХАА-н зохистой дадал нэвтрүүлэх үүрэгтэй болох тухай заасан байдаг боловч өнөөдөр амьдрал дээр хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа билээ. Учир нь хуулийн заалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар суурь зарчмууд тодорхойгүй хэн, хэрхэн, юуг баримталж хэрэгжүүлэх, яаж хяналт тавих нь бүрхэг байгаад оршиж байна. 

Монголын ард түмэн хүрээлэн буй орчин, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой байж, нутаг усаа хайрлан хамгаалж, экологид ээлтэй, нутаг орон, байгаль цаг уурын онцлогтоо дасан зохицсон нүүдлийн ахуй, соёлыг хөгжүүлж ирсэн цөөхөн ард түмний нэг билээ. Монголчуудын нүүдлийн соёл, иргэншил дотор одоогийн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч хөгжлийн ирээдүйн чиг хандлагаа болгоод байгаа тогтвортой хөгжлийн үндсэн зарчмууд агуулагдаж байдаг гайхамшигтай соёлтой, хөгжлийн зөв хандлагатай ард түмэн юм.

Иймд өөрсдийн эцэг, дээдсийн хадгалж ирсэн өв соёл, уламжлалдаа тулгуурлан, Монгол орны байгалийн болон биологийн дахин давтагдашгүй нөхөн сэргэж байдаг нөөцөө зохистой ашиглаж, ХАА-н зохистой дадлыг хэвшүүлсэнээр уг салбарын эрсдлийг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, улмаар Монгол орны эдийн засгийн хөгжлийг хурдасгах өргөн боломж байгаа талаар оролцогсод тэмдэглэж байлаа. Монгол Улсад ХАА-н зохистой дадлыг хэвшүүлэхэд Дэлхийн ХАА-н зохистой дадал байгууллага мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв. Хуралд оролцогсод уг асуудлыг шийдвэрлэхэд олон талын идэвх, санаачлагатай бүтээлч хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, цаашид хамтран ажиллахаар болсон билээ.
Аюулгүй, эрүүл, хариуцлагатай мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах суурь нөхцөл нь ХАА-н үйлдвэрлэлд Зохистой дадлыг өөрийн орны онцлог, дэлхийн орнуудын туршлагад тулгуурлан хэрэгжүүлэх бодит хэрэгцээ байгаа талаар хуралд оролцогсод санал нэгдэж байв.