Алтан гадас одонт ХААИС-ийн танилцуулга үүсэл хөгжил, түүхэн замнал


БНМАУ-ын Засгийн газрын 1940 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 45-р тогтоолд “Манай улс цаашид нийгэм журамд шилжин орохын тулд хөрөнгөтний бус замаар хөгжин, түүний ардын аж ахуй, соёл боловсролыг онц дэлгэрүүлж байгаа явдал багш, эмч, зоотехникч, инженер зэргийн дээд мэргэжилтэй өөрийн үндэсний боловсон хүчнүүдийг бэлтгэн төрүүлэх тухай шаардмой” хэмээн Улсын Их Сургууль байгуулахаар шийдвэрлэж, Ардын гэгээрүүлэх яамны Сайдын 1942 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 37 тоот тушаалаар Улсын Их Сургуулийг байгуулан тус оны 10 дугаар сарын 5-ны өдөр анхны хичээлийг эхлүүлсэн түүхтэй.

Тухайн үед Улсын Их Сургуулийг “Зоотехник мал эмнэлэг”, “Багш”, “Хүний эмч”-ийн гэсэн гурван салбартайгаар байгуулсан нь эдүгээ цагийн ХААИС-ийн түүхэн эхлэл бөгөөд улмаар 1958 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн хурлын 95/104-р тогтоолоор ХӨДӨӨ АЖ АХУЙН ДЭЭД СУРГУУЛЬ байгуулах шийдвэр гарч, МУИС-аас “Зоотехникийн факультет”, “Мал эмнэлгийн факультет”-ийг салган шинээр “Агрономийн факультет”-ыг нэмж байгуулан, гал тасалж, голомтоо бадраасан түүхтэй.

“Эрдэм мэдлэгийн Эх ундрага - Оюуны Их өргөө” болсон ХААИС нь өнөөдөр бүрэлдэхүүний 6 сургууль, орон нутагт 2 салбар сургууль, эрдэм шинжилгээний үндэсний 4 хүрээлэн, сургалт-дадлагын олон төв, нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж байна.

Бакалаврын 66, магистр, докторын 60, нийт 120 гаруй хөтөлбөрөөр шаталсан сургалтад 9000 гаруй оюутан суралцаж байгаа сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний цогцолбор төв болон хөгжиж байна. ХААИС нь өнгөрсөн хугацаанд нийт 35 мянга гаруй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэжээ.

Өдгөө дэлхийн 36 орны 209 их, дээд сургууль, хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан хос хөтөлбөр, хамтарсан төсөл, судалгааг хэрэгжүүлж сургалт-судалгааныхаа материаллаг баазыг бэхжүүлж, багшлах боловсон хүчин, шинэ залуу үеээ бэлтгэн, чадавхижуулан ажиллаж байна.

ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294