"ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх" төслөөс “Job fair-2025” зохион байгууллаа

Нийтлэгч : .
Огноо: 2025-05-16 15:43:40

Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС), Мал аж ахуй биотехнологийн сургууль (МААБС) нь БНСУ-ын КОЙКА байгууллага болон Хангён үндэсний их сургуультай хамтран “ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг-2025”-ыг 05 дугаар сарын 08-ны өдөр анх удаа зохион байгууллаа.

Арга хэмжээний нээлтэд МААБС-ийн захирал Д.Гүрбазар хэлэхдээ, “Энэ үзэсгэлэн яармаг нь оюутан, төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлтэй холбох, мэргэжлийн ур чадварыг бодитоор үнэлүүлэх чухал индэр болж байна” хэмээн онцолсон юм.

Тус төсөл нь ХААИС-ийн сургалтын орчныг сайжруулж, судалгаа, үйлдвэрлэлтэй уялдсан мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой бөгөөд мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулан, гарааны бизнес болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг өрнүүлж байна.

МААБС нь малзүй, хүнсний чанар аюулгүй байдал, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн боловсруулах технологи зэрэг чиглэлээр нарийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэдэг бөгөөд энэ удаагийн төгсөгчид нь төслийн хүрээнд онцгой ур чадварыг эзэмшсэн гэдгээрээ онцлог болж байна.

“Хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг-2025” арга хэмжээнд олон улсын болон үндэсний байгууллагууд, гарааны бизнесийн төлөөллүүд оролцож, оюутан, төгсөгчдөд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр тусгай лекц, зөвлөгөө өгч, ажлын байрны шууд санал тавьж байлаа. Цаашид ХААИС нь Хангён их сургуультай хамтран оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, Аж ахуй технологи дамжуулах төвийг өргөжүүлэх, гарааны бизнес эрхлэгчдийн чадавхжуулах сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар зорьж байна.

Энэхүү арга хэмжээнд хувь нэмэр оруулсан КОЙКА-ийн суурин төлөөлөгчийн газрын дарга Жу Хэйннан, Хангён их сургуулийн профессор Нам Иншиг болон төслийн хамт олон, багш, оюутнууддаа ХААИС-ийн удирдлагууд талархал илэрхийллээ.