“Инженерийн технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ХААИС-д “Хөдөө аж ахуйн машины эд анги үйлдвэрлэл, засварын лаборатори”-д тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр боллоо.
Уг нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, БЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Нарангэрэл, БЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Баттогтох, ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, суурин төлөөлөгч Ханато Риса, Боловсролын салбар хариуцсан ажилтан Б.Оюунчулуун, “Инженер технологийн дээд боловсрол төсөл 1000 инженер хөтөлбөр” төслийн дарга Д.Намсрай, төслийн зөвлөх Т.Амаржаргалан, төслийн мэргэжилтэн н.Анхтуяа, ХААИС-ийн ректор Б.Баасансүх, ХААИС-ийн Хөгжлийн бодлого цахим шилжилт эрхэлсэн проректор Ж.Мөнгөн, Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Э.Төмөртогтох, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн захирал Л.Лхагвасүрэн, Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн Л.Баяртулга, Kubota Mongolia “Эм Жэй Агритех” ХХК-ийн захирал Коизүми Ёшиэи, ерөнхий менежер Г.Уранбилэг, “Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Д.Давааням, “Агромаш тех” ХХК-ийн захирал Б.Энхтөр, “Дижи Коннект Сенсис” ХХК-ийн захирал Д.Доржсүрэн, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн багш нар оролцлоо.
Уг төслийн үндэслэл нь ХААИС-ийн Инженер технологийн сургалтын материаллаг баазыг сайжруулах, ХАА-н машин тоног төхөөрөмжийн эд анги боловсруулах, туршилтын загвар хийх орчин үеийн CNC технологитой лабораторийг байгуулж импортыг орлох үйлдвэрлэл, инновацийг хөгжүүлэх зорилготой юм.
“Хөдөө аж ахуйн машины эд анги үйлдвэрлэл, засварын лаборатори”-ийг байгуулснаар ИТС-ийн оюутнуудад CNC технологи бүхий токарь, фрезер, плазм зүсэгч ашиглан эд анги боловсруулах чадвар олгох, CAD (SolidWorks)–CAM–CNC уялдаа холбоотой сургалтын цогц орчин бүрдүүлэх, ХАА-н машин, тоног төхөөрөмжийн туршилтын загвар, эд анги үйлдвэрлэх лабораторийн баазыг бүрдүүлж, сургалт ба үйлдвэрлэлийн интерншип тогтолцоо бий болгож, импортыг орлох зарим нэр төрлийн эд анги, тоног төхөөрөмжийг зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
Мөн ХАА-н үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, оюутны инновацын бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, багш, судлаачдын судалгааны ажлыг орчин үеийн өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжөөр дэмжих, ХАА-н техник технологийн салбарт инженерийн ур чадварын олон улсын түвшний шалгуур шаардлагыг хангасан мэргэжилтэн бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах зэрэг олон талын үр ашигтай болох юм.