ХААИС “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэж эрдэм судлал, судалгаа шинжилгээний чиглэлд амжилт гаргасан багш судлаачдаа шалгаруулж, шагнаж урамшууллаа.
ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газар “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, шинжлэх ухааны салбарт манлайлан ажиллаж буй эрдэмтэн, судлаачдыг алдаршуулав.
“ХААИС-ИЙН ШИЛДЭГ ӨГҮҮЛЛИЙН ЗОХИОГЧ”-ДЫГ БАТЛАМЖИЛЖ УРАМШУУЛАВ
ХААИС-иас олон улсын өндөр зэрэглэлийн Q1–Q2 сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн судлаачдыг урамшуулж, академик бүтээлийн чанарын үнэлгээг баталгаажуулах зорилгоор багш, судлаачдыг шалгаруулав.
ХААИС-иас 2025 онд олон арван багш, судлаачид олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлснээс нэгдүгээр зохиогчоор С.Цэнд-Аюуш, Б.Болдбаатар, Э.Ууганцэцэг, Н.Даваасүрэн; шилдэг холбоо баригч зохиогчоор А.Буянбаатар, холбоо баригч зохиогчоор Д.Ундармаа, Д.Мягмарсүрэн, И.Мягмаржав, О.Баатарцогт, Ш.Түмэнжаргал нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.



