Дэлхийн хүнсний өдөр: “Олон улсын хүнсний найрлагын мэдээллийн сан” 14 дэх (IFDC-2025) хуралд Монгол Улсаа төлөөлж илтгэл хэлэлцүүллээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-10-16 18:53:34

Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 4 жил тутамд зохион байгуулдаг “Олон улсын хүнсний найрлагын мэдээллийн сан” 14 дэх (IFDC-2025) хурлын талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ удаагийн хурал Итали улсын Ром хотод НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 80 жилийн ойд зориулж 2025 оны 09 сарын 01-ээс 03-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Хуралд 40 гаруй орны эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, шинжлэх ухааны нийгэмлэг, хүнс, хөдөө аж ахуйн яам, агентлаг зэрэг байгууллагын 180 орчим эрдэмтэн, судлаач хүнсний найрлага, шимт чанар, найрлагын мэдээллийн сан, аюулгүй байдал, хүртээмж, найдвартай байдал, хэрэглээг сайжруулах зорилгоор илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо. 

Тус хуралд Монгол улсаас анх удаа ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, дэд профессор Б.Энхжаргалын “Монгол оронд хүнсний найрлагын мэдээллийн сангийн хөгжүүлэлт” аман илтгэл, мөн тус сургуулийн багш, доктор З.Цэрэнхандын “Уламжлалт аргаар хатаасан сарлагийн борцны шимт чанарын судалгаа” сэдэвт постер илтгэлүүд шалгарч амжилттай хэлэлцүүллээ.

Дэд профессор Б.Энхжаргалын “Монгол оронд хүнсний найрлагын мэдээллийн сангийн хөгжүүлэлт” аман илтгэл

Доктор З.Цэрэнхандын “Уламжлалт аргаар хатаасан сарлагийн борцны шимт чанарын судалгаа” сэдэвт постер илтгэл

Дэд профессор Б.Энхжаргал БНСУ-ын AFACI байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Азийн орнуудын хүнсний найрлагын мэдээллийн санг өргөжүүлэх” төслийн үр дүнгээр илтгэл хэлэлцүүлсэн бол доктор З.Цэрэнханд НҮБ-ын ХХААБ-ын захиалгат ажлын үр дүнг танилцуулсан байна.

Олон улсад, тэр дундаа НҮБ-ын ХХААБ-ын индэр дээрээс Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний шимт чанар, аюулгүй байдал, хүнсний найрлагын мэдээллийн сан, уламжлалт мах, махан бүтээгдэхүүний талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн “Хүнсний чанар, аюулгүй байдал” хөтөлбөрийн 2 багшдаа баяр хүргэж цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.

1979 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) Дэлхийн хүнсний өдрийг анх удаа зохион байгуулсан бөгөөд түүнээс хойш дэлхийн улс орон бүр өөрийн уламжлал, ёс заншилд тохируулан жил бүр “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Манай улсын хувьд ХХААХҮЯ болон хүнсний бусад байгууллагууд хамтран жил бүр “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг билээ.

ХААИС-ийн нийт эрдэмтэн багш, оюутнуудадаа Дэлхийн хүнсний өдрийн баярын мэнд хүргэе.