“Ус-Хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээний XX бага хурал зохион байгууллаа

Нийтлэгч : .
Огноо: 2026-03-31 18:59:21

Нэгдсэн үндэстний байгууллагаас 2026 оны "Дэлхийн усны өдөр"-ийг "Ус ба тэгш эрх" уриан дор тэмдэглэхээр зарласан бөгөөд энэхүү тэмдэглэлт өдөртэй холбогдуулан Хөдөө аж ахуйн их сургуульд “Ус – Хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XX бага хурлыг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү түүхэн хурал нь ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн 51 жил, Монгол Улсад усны салбар үүсэж хөгжсөний 88 жил, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн 66 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байв.

Хурлын ерөнхий зохион байгуулагчаар ХААИС-ийн Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэлийн тэнхим, хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын Мянганы сорилтын сан ажиллав.

Хурлын нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Усны газрын дарга З.Батбаяр, Монголын Мянганы сорилтын сангийн төслийн захирал Б.Батсүх, ХААИС-ийн ректор Б.Баасансүх нар хүрэлцэн ирж оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн бол ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан цахимаар мэндчилгээ ирүүллээ.

Нийт 150 гаруй төлөөлөгч оролцсон тус хурал нь усны нөөцийн зохистой ашиглалт, хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт, бохир ус боловсруулах систем зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэхийг зорив.

Эрдэм шинжилгээний хуралд ХААИС, АШУҮИС, МУИС, ШУТИС, ҮБХИС зэрэг сургуулийн 47 оюутны 26 судалгааны ажил ирснээс аман илтгэлийн 10, ханын илтгэлийн 5 бүтээлийг шалгаруулан хэлэлцүүлэв.

Тус хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд Усны эрдэмтдийн зөвлөлийн 23 гишүүн ажиллаж, оюутнуудын судалгааны ажлыг бодитойгоор үнэллээ.

Аман илтгэлийн төрөлд

I байрт АШУҮИС-ийн оюутан Б.Нямжаргал, Г.Билгүүндарь, Г.Хангай, Ө.Саруул-Оюун нар “Цэвэршүүлсэн, савласан усны хэрэглээг хүний биеийн эрдэс бодисын түвшинг холбон судалсан нь”,

II байрт МУИС-ийн оюутан О.Ундрам “Усны хомсдолтой бүсэд ус ашиглалтыг хязгаарлах эрх зүйн механизм: Олон улсын харьцуулсан шинжилгээ”, МУИС-ийн оюутан М.Урантуяа “Хиймэл дагуулаар нууруудын түвшинг тодорхойлсон өгөгдлийн тоон шинжилгээ”,

III байрт ШУТИС-ийн оюутан Ц.Отгонжаргал, М.Мөнгөнсолонго, Б.Гантулга нар “Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд “SPONGE CAMPUS” загвар хөгжүүлэх нь”, ШУТИС-ийн оюутан Б.Нямсүрэн, И.Ирмүүн нар “Дархан-Уул аймгийн Нарангийн булгийн усны онцлог”, ШУТИС-ийн оюутан Б.Байгальмаа, Ш.Ган-Эрдэнэ, О.Өсөхбаяр нар “GRACE хиймэл дагуулын мэдээллээр цөлжилтийг тодорхойлж болох уу”

Тусгай байрт ХААИС-ийн оюутан С.Өсөхбаяр, Б.Энхтөр нар “Газарт тариалангийн үйлдвэрлэлд өрхийн тариаланчдын оролцоо”, АШУҮИС-ийн оюутан М.Анар, С.Номин нарын “Хөгжиж буй орны сургуулийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн орчны сурагчдын нөлөөллийн системт тойм: Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй ба усны хүртээмж”, ШУТИС-ийн оюутан Ж.Жанчивсэмбэ, М.Ундрал, О.Бадамдорж нар “Баян-Өлгий аймгийн Тал нуурын менежментийн зарим асуудалд”, ХААИС-ийн оюутан Г.Ган-Эрдэнэ, Ө.Даваажаргал нар “Ус хангамжийн үйлчилгээний үнэ тариф тооцох аргачлалыг олон улсын түвшинд харьцуулсан судалсан дүн” илтгэлээр тус тус шалгарлаа.

Ханын илтгэлийн төрөлд

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн оюутан Ц.Хосбаяр “Бохир ус цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээний аэротенкийг засварлах, аэротенкийн агааржуулалтанд дискэн диффуз ашиглах нь” илтгэлээр Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн нэрэмжит, ШУТИС-ийн оюутан Н.Алтаншагай “Хотын үерийн эрсдлийг бууруулах ногоон дээврийн шийдэл” Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбооны нэрэмжит, ХААИС-ийн оюутан М.Намуун “Өмнөговийн зарим булгуудын морфометрийн үзүүлэлтүүд ба усны физик – химийн үзүүлэлтүүдийн уялдаа” илтгэлээр Туул голын сав газрын захиргааны нэрэмжит, ШУТИС-ийн оюутан Б.Идэрмөнх, Ө.Пүрэв-Очир нар “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1, 2 - р хороо Баянголын амны суурьшлын бүсийг үерээс хамгаалах төсөл” илтгэлээр Усны академийн нэрэмжит, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн оюутан Б.Анир “Усалгааны ухаалаг системийн хөгжүүлэлт” илтгэлээр “Би-Гарма” ХХК-ийн нэрэмжит шагналыг тус тус хүртлээ.

Ийнхүү усны салбарын ирээдүй болсон залуу судлаачид дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудад өөрсдийн бүтээлч шийдлүүдийг танилцууллаа.