Хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалт: Нийгата Кубота ХК ХААИС-д орчин үеийн трактор хандивлалаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-03-31 20:29:44

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэх гол уурхай болсон ХААИС болон Япон улсын "Нийгата Кубота" ХК-ийн олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус компаниас ХААИС-ийн сургалт, судалгааны баазыг бэхжүүлэхэд зориулж 300 орчим сая төгрөгийн үнэтэй, орчин үеийн "M135X" загварын тракторыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.

Үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Игавахара Масарү, БЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, ХААИС-ийн ректор Б.Баасансүх, "Нийгата Кубота" ХК-ийн ТУЗ-ийн дарга Ёсида Норио, "Нийгата Кубота" ХК-ийн ерөнхийлөгч Ёшида Такэо, албаны бусад төлөөлөгч, ХААИС-ийн профессор багш, эрдэмтэн судлаачид, оюутнуудын төлөөлөл оролцов.

"МЭДЛЭГТ ХИЙСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАМГИЙН САЙН ХҮҮГ ӨГДӨГ"

БЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал хэлсэн үгэндээ энэхүү үйл явдлыг боловсролын салбарт хийгдэж буй стратегийн чухал хөрөнгө оруулалт хэмээн онцлоод:

"Хувийн хэвшил болох "Нийгата Кубота" ХК ХААИС-тай хамтран дэлхийн брэнд Кубота тракторыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, суралцаж буй оюутан залуусын сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү техникийг бэлэглэж байгаа нь үнэтэй хөрөнгө оруулалт юм. Бенжамин Франклины хэлсэнчлэн 'Мэдлэгт хийсэн хөрөнгө оруулалт хамгийн сайн хүүг өгдөг' гэдэгт бид итгэж байна" хэмээн тэмдэглэв.

ИННОВАЦ БҮТЭЭГЧ ШИНЭ ҮЕИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ БЭЛТГЭНЭ

ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх тус компанитай тогтоосон түншлэл нь боловсрол-шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдааг хангах хөшүүрэг болж буйг дурдаад:

"Өнөөдөр дэлхий нийт ухаалаг хөдөө аж ахуй, автоматжуулалт, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн эрин үед шилжиж байна. Ийм цаг үед бид зөвхөн мэдлэг түгээгч бус, инновац бүтээгч, шийдэл гаргагч шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх үүрэгтэй. Энэхүү трактор нь ирээдүйн инженерүүдийг бодит үйлдвэрлэлийн орчинд бэлтгэх үнэтэй боломж юм" хэмээн талархал илэрхийллээ.

"НИЙГАТА КУБОТА" ХК-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЁШИДА ТАКЭО ХАНДИВ ӨГӨХ ҮЕЭР:

"Энэхүү тракторын хандив нь боловсрол, судалгааны салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, цаашид Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнсний салбарт ажиллах оюутнуудын суралцах үйл явц болон практик туршлагад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Ирээдүйг авч явах оюутан залуусын шинэ сорилтод хандах эрмэлзлийг дэмжих нь юу юунаас илүү чухал" хэмээн онцлон хэллээ.

Хандивлаж буй "M135X" трактор нь 135 морины хүчин чадалтай, электрон хяналтын системээр тоноглогдсон бөгөөд том оврын аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээг хангах, нарийн ажиллагаатай техник юм. Энэхүү алхам нь Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын түншлэлийг шинэ шатанд гаргаж, оюутан залуус дэлхийн жишигт нийцсэн техник дээр ажиллаж сурах материаллаг баазыг бүрдүүлж байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ 15 ЖИЛИЙН ТҮНШЛЭЛ

"Нийгата Кубота" ХК нь ХААИС-тай 15 жилийн өмнөөс хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд сургалт, судалгааны ажлыг дэмжсээр ирсэн. Энэхүү гавьяа зүтгэлийг нь үнэлж тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр "Нийгата Кубота" ХК-ийн ТУЗ-ийн дарга Ёсида Нориод ХААИС-ийн "Хүндэт профессор" цолыг гардуулан өгөв.