“Салбар дундын хэрэглээний хими: Хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” семинарыг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Биоадсорбент төслөөс 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ХААИС-ийн Захиргааны II байрны 34 тоот хурлын танхимд зохион байгууллаа.
Семинарт “Инженер технологийн дээд боловсрол” төслийн ахлах зөвлөх Д.Намсрай, ахлах зөвлөх Т.Амаржаргалан, Боловсролын яамны Дээд мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газрын шинжээч Д.Баттогтох мөн ХААИС, МУИС, ШУТИС, Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцов.
Их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, судалгааны нэгжүүд болон лабораториуд тус бүрийн чиглэл, хамрах хүрээндээ сайн ажиллаж ирсэн ч нарийн мэргэжлийн лаборатори, судлаачдийн багууд хамтран ажиллах замаар үндэсний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг бэхжүүлж, ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход хувь нэмэр оруулахын тулд олон салбар дундын хамтын судалгаа инновацын үр өгөөжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иймд олон улсын хэмжээнд салбар дундын шинжлэх ухааны ололт амжилтыг сайжруулах, их сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны багууд, мэргэшсэн лабораторийн судлаачдын холбоо харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх, харилцан туршлага солилцох, олон салбарууд дундын орхигддог эрэлт хэрэгцээг ханган ажиллах зорилгоор судалгааны семинарыг зохион байгуулж байна.
Семинарыг зохион байгуулснаар оролцогчид туршлага мэдээлэл, санал солилцохын зэрэгцээ олон талт оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хэрэглээний химийн хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэх юм.



