COP17: Эрдэмтэд доройтсон бэлчээрийг сэргээх шийдэл, сайн туршлагаа хэлэлцлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-03-31 21:56:22

Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын XVII бага хурлыг (COP17) угтан, Монгол улс дахь бэлчээр болон тариалангийн газрын доройтлыг зогсоох, нөхөн сэргээх менежментийг сайжруулах зорилгоор "Доройтсон бэлчээр, газрыг сайжруулах сайн туршлага” эрдэмтдийн уулзалтыг 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо.

Эрдэмтдийн уулзалт нь

- Монгол Улсын бэлчээр болон тариалангийн газрын хөрсний элэгдэл, доройтлын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох.

- Хэрэгжиж буй хамгаалалт, менежментийн арга хэмжээ болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх.

- Хөрсний доройтлыг үнэлэх, хянах (мониторинг) нэгдсэн арга зүй, үндэсний түвшний мэдээллийн платформ бүрдүүлэх санал, зөвлөмж боловсруулахад чиглэв.

“Уулын хээрийн хүчтэй доройтсон бэлчээрийг сэргээн сайжруулах арга” сэдвээр ХААИС, Экосистемийн судалгааны төв, докторант С.Оюунсувд, “Доройтсон бэлчээр сайжруулсан сайн туршлагууд, цогц шийдлийн асуудалд” сэдвээр МААЭШХ, доктор М.Ууганзаяа, “Доройтсон бэлчээр сайжруулсан сайн туршлагууд, цогц шийдлийн асуудалд” сэдвээр “Ногоон алт төв" ТТБ, доктор Д.Булгамаа, ХААИС, МААБС, дэд профессор Б.Баасанжалбуу, НҮБ, Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөл, доктор А.Бат-Эрдэнэ нар илтгэл тавьж, сайн туршлагаасаа хуваалцлаа.

Уулзалтыг СОР17-г зохион байгуулах “Хамтын ажиллагаа”-ны дэд хороо болон ХААИС хамтран зохион байгуулж тус сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, холбогдох яам болон тусгай газрын төлөөллүүд оролцлоо.