Европын Холбооны ERASMUS+ Strand3 хөтөлбөрийн санхүүжилттэй “Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудын үнэлгээнд тогтвортой болон ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх нь – Green future” (Sustainable and Resilience Indicators for Mongolian Universities Assessment) төслийн нээлтийн уулзалт 2026 оны 01 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Испани Улсын Валенсиа хот дахь Валенсиагийн Политехникийн их сургуульд зохион байгуулагдлаа. Төслийн бүсийн зохицуулагчаар ХААИС ажиллах юм. Төслийн нээлтийн уулзалтад төслийн багийн удирдагч, доктор, профессор Р.Чанцалдулам, төслийн зохицуулагч, доктор А.Алтанзул нар оролцов.
Green future төсөл нь 2025 оны 11 дүгээр сараас 2028 оны 10 дугаар сар хүртэл 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Монголын дээд боловсролын байгууллагуудын тогтвортой хөгжлийн зорилгод оруулж буй хувь нэмэр, үр нөлөөг хэмжих үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг арга зүйн хамт боловсруулж, хэрэгжүүлэх зорилготой юм.
Төслийн зохицуулагчаар Испани Улсын Валенсиагийн Политехникийн их сургууль ажиллаж байгаа бөгөөд Европын Холбооноос Италийн Женовагийн их сургууль, Герман Улсын Хэрэглээний шинжлэх ухааны их сургууль, Италийн “Аюулгүй байдал ба эрх чөлөө” төрийн бус байгууллага, Монгол Улсаас Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургууль (Монголын талын зохицуулагч),Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн ТББ зэрэг 12 байгууллага оролцож байна.
Тус төсөл нь Монголын их, дээд сургуулиудыг UI GreenMetric олон улсын эрэмбэд хамруулахад дэмжлэг үзүүлэх, тогтвортой хөгжлийн боловсрол, практикийг нэвтрүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм. UI GreenMetric эрэмбэ нь их, дээд сургуулиудын тогтвортой хөгжлийн оролцоог үнэлдэг олон улсын зэрэглэл бөгөөд хүрээлэн буй орчны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тогтвортой дадал, туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу:
https://greenfutureproject-eu.com/
.jpg)
.jpg)
.jpg)