ХААИС-ийн судалгааны орчныг 2 тэрбум 647 сая төгрөгийн хөрөнгөөр бэхжүүлэв

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-02-12 16:40:46

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “Байгалийн ухааны багц лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслол”-д урьж байна.

  • “Байгалийн ухааны багц лаборатори-ийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслол 2026 оны 2 дугаар сар 13-ны өдрийн 10:00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно.
  • “Хэрэглээний шинжлэх ухаан” онол, практикийн бага хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд 2026.02.13-ны өдрийн 12:30 цагт болно. 

Монгол Улсын Боловсролын яам, Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр ХААИС-ийн лабораториудыг шинэчиллээ.  

Тус төслийн хүрээнд ХААИС-ийн Хэрэглэээний шинжлэх ухааны сургуулийн  байгалийн ухаан, мэдээллийн технологийн 9 лабораторийг 743.809 ам.долларын үнэтэй 72 нэр төрлийн 805 багаж, тоног төхөөрөмжөөр шинэчилж, ашиглалтад оруулав. Энэхүү хөрөнгө оруулалт нь дэд бүтцийн шинэчлэлээс гадна Монгол Улсын байгалийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлийн хүний нөөцийг олон улсын түвшинд бэлтгэх урт хугацааны стратегийн шинж чанартай дэмжлэг юм.

Лабораториудад шинээр суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь биологи, микро биологи, химийн чиглэлийн судалгааг дэлхийн жишигт хүргэх, оюутан, судлаачдын мэдлэг, ур чадварыг бодит туршилт, судалгаанд тулгуурлан хөгжүүлэх боломжтой болно. Шинэчлэлийн үр дүнд лабораториудын хүчин чадал, судалгааны чанар, нарийвчлал дээшилж, олон улсын түвшний сургалт, судалгааны орчин болон Сургалт-Судалгаа-Үйлдвэрлэлийн уялдаа сайжрах нөхцөл бүрдлээ.

ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль нь орчин үеийн лабораториудын дэд бүтцэд тулгуурлан инновац, судалгааны үр өгөөжийг нэмэгдүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорин ажиллаж байна.