ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хэл, соёлын тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “Contemporary challenges in language, culture and education” олон улсын эрдэм шинжилгээний VII хурлыг ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд зохион байгууллаа.
Хуралд АНУ, БНХАУ, ОХУ, Энэтхэг, Пакистан, Япон, БНСУ зэрэг улсын эрдэмтэн, судлаачид, Пристоны зочин багш, АНУ-ын Засгийн газрын English Language Fellow болон Fulbright англи хэлний хөтөлбөрийн төлөөлөгчид оролцлоо.
Хурлын хүрээнд хэл, соёл, боловсролын салбарын өнөөгийн тулгамдсан асуудал, шинэ чиг хандлага, судалгааны үр дүнгүүдийг хэлэлцэж, оролцогчид аман болон ханын илтгэлээр судалгааны ажлыг танилцуулж гадаад хэл заах арга зүйд олон улсын дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэх, технологид суурилсан сургалтын шинэ шийдлүүдийг боловсролын үйл ажиллагаанд ашиглах боломжийг тодорхойллоо. Мөн Fulbright хөтөлбөр болон дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэх, Монголын эрдэмтэн судлаачдыг олон улсын түвшинд хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болов.
Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, төгсөгчдийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмжүүдийг боловсруулсан нь их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг илүү үр өгөөжтэй, практикт суурилсан хэлбэрээр хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Хуралд дэлхийн найман орны төлөөлөл болсон эрдэмтэн, судлаачид нийт 32 аман илтгэл, 9 ханын илтгэл хэлэлцүүлж, шинжлэх ухаанд суурилсан шийдэл, судалгааны шинэ үр дүнгүүдийг танилцуулснаараа өргөн цар хүрээтэй, үр өгөөжтэй болж өндөрлөлөө.
Оролцогч байгууллагууд:
Монгол улсын их сургууль
Шинжлэх ухаан, технологийн их сургууль
Үндэсний батлан хамгаалахын их сургууль
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
Монгол улсын боловсролын их сургууль
Санхүү эдийн засгийн их сургууль
Улаанбаатар олон улсын их сургууль
Мандах их сургууль
Улаанбаар эрдэм дээд сургууль
Иркутскийн хөдөө аж ахуйн их сургууль
Гуанжоугийн их сургууль
Технологийн дээд сургууль
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль
ЮНИТЭ (Хэл, соёл боловсролын чиглэлийн хамтын ажиллагааны байгууллага/хөтөлбөр)















