Европын Холбооны санхүүжилттэй “Ойн хөрсөн дэх үндэс–микориз–эмгэг төрүүлэгчдийн харилцан үйлчлэлийг судлах Евро-Азийн хамтын ажиллагааны сүлжээ” (Eurasian Network for Collaborative Research on Root-Mycorrhizal-Pathogen Interactions in Forest Soils – EuAsiaN-ROOT) төсөл хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
Уг төсөлд Европ, Азийн 6 их сургууль, 2 судалгааны байгууллага оролцож байгаа бөгөөд Чех улсын Менделийн их сургууль удирдан, Герман Улсын Ханноверын их сургууль, Итали Улсын Инсубриагийн их сургууль, Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Тайландын Касецартын их сургууль, Казахстан Улсын У.У. Успановын нэрэмжит Хөрс судлал, агрохимийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж байна.
ХААИС-ийн багийн удирдагчаар Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн доктор (Ph.D), дэд профессор О.Бүрэнжаргал ажиллаж байна. Төслийн үйл ажиллагаанд ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхим, Газар тариалан хөрс судлалын тэнхим, Газрын менежментийн тэнхим, мөн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биологи, аялал жуулчлалын тэнхимийн багш, судлаачид идэвхтэй оролцож байна.
Төслийн хүрээнд ХААИС-ийн багш, судлаачид Чех, Герман, Итали улсын дээрх их сургуулиудад ажиллаж, хамтарсан судалгаа, туршилт хийх, мэдлэг, туршлага солилцох, судалгааны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаанд оролцож байна. Энэ үйл ажиллагаанд өнөөдрийн байдлаар ХААИС-аас нийт 9 багш, 1 докторант оюутан хамрагдаад байна.
Экологийн тэнхимийн багш М.Оргилболд, М.Хишигжаргал, Хөрс агрохимийн лабораторийн лаборант Э.Энхжаргал, Газрын менежментийн тэнхимийн багш Д.Түвшибаяр нар 2025 онд Чех Улсын Менделийн их сургуульд тус бүр нэг сарын хугацаанд ажилласан. Мөн Экологийн тэнхимийн багш М.Оргилболд, Ш.Оюунтуяа нар ХБНГУ-ын Ханноверын их сургуульд тус бүр нэг сар, лаборант Э.Энхжаргал хоёр сарын хугацаанд ажиллажээ. Түүнчлэн Экологийн тэнхимийн багш Х.Баярмаа, А.Сайнчулуу болон лаборант Э.Энхжаргал нар Итали Улсын Инсубриагийн их сургуульд тус бүр нэг сарын хугацаанд ажиллаж, судалгаа, туршилт болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд оролцсон байна.
Экологийн тэнхимийн багш Х.Баярмаа, А.Сайнчулуу, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биологи, аялал жуулчлалын тэнхимийн багш П.Ариунсүрэн нар 2026 онд Чех Улсын Менделийн их сургуульд тус бүр нэг сарын хугацаанд ажилласан байна. Харин одоо Экологийн тэнхимийн багш Ш.Оюунтуяа, Т.Байгал-Амар нар Итали Улсын Инсубриагийн их сургуульд ажиллаж байна.
Мөн 2026 оны 6 дугаар сарын 3–6-ны өдрүүдэд Итали Улсын Комо хотноо зохион байгуулагдсан Woody Roots IX олон улсын эрдэм шинжилгээний хуралд төслийн гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцож, төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын эхний үр дүнг амжилттай танилцууллаа.
EuAsiaN-ROOT төсөл нь 2028 он хүртэл хэрэгжих бөгөөд Европ, Азийн орнуудын эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу судлаачдын судалгааны ур чадвар, чадавхыг бэхжүүлэх, мөн ойн хөрсний экосистемийн талаарх шинжлэх ухааны мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)