Монголын Маркетингийн холбоо байгуулагдсаны 32 жилийн ойн хүрээнд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Маркетингийн тэнхимийн профессор, доктор С.Бадарчийн нэрэмжит “Маркетинг, бизнесийн хөгжлийн асуудлууд” сэдэвт судлаач оюутны эрдэм шинжилгээний хурлыг үндэсний хэмжээнд зохион байгууллаа.
Монголын Маркетингийн холбоо нь 1994 онд эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд 32 жилийн хугацаанд, их дээд сургууль, бизнесийн байгууллага, Мэргэжлийн холбоодын түншлэлээр Монгол Улсад Маркетингийн ухааныг хөгжүүлэн төлөвшүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсаар байна.
Монголын Маркетингийн холбоо үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн доктор, профессор С.Бадарч нь УЗ-ийн гишүүн, Маркетингийн багш нарын зөвлөлийн гишүүнээр ажилласан, маркетингийн анхны багш нарын нэг юм.
Мөн ХАА-н үйлдвэрлэл, ХААИС-д 50 гаруй жил ажилласан, мах, махан бүтээгдэхүүний судалгаагаар мэргэшсэн, 10 гаруй доктор, 40 гаруй магистрын судалгааны ажлыг удирдан хамгаалуулж, 35 ном, сурах бичиг туурвиж, хянан найруулж, 50 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, 40 орчим төслийн удирдагч, судлаачаар ажилласан, ХАА-н эдийн засаг, маркетингийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн юм.
Хурлыг ХААИС-ийн ЭЗБС-ийн Маркетингийн тэнхим болон Монголын Маркетингийн холбоо хамтран хоёр шаттайгаар зохион байгууллаа.
Тус хурлаар хэлэлцсэн сэдвийн хүрээ нь
- Маркетингийн стратеги, инновац, бизнесийн өсөлт,
- Хэрэглэгчийн зан төлөв, худалдан авах шийдвэр,
- Дижитал маркетингийн үр нөлөө,
- Брэндийн үнэ цэн, хэрэглэгчийн сонголт
- Нийгмийн хариуцлагатай маркетинг
- Хиймэл оюуныг маркетингийн салбарт хэрэглэх боломж
- Их өгөгдлийг ашиглан шийдвэр гаргалтыг оновчлох
- Сүүлийн үеийн маркетингийн салбарт гарч буй өөрчлөлтүүдийн үр нөлөө зэрэг сэдвүүд байлаа.
Судлаач оюутны үндэсний ЭШХ-д МУИС, ХААИС, СУИС, СЭЗИС, ХИС, Мандах ИС, Отгонтэнгэр ИС, Сити ИС, Идэр ИС, IMAU нийт 11 их сургуулийн 54 оюутан илтгэл бүртгүүлснээс II шатанд аман 10, ханан 12 илтгэл шалгарч хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлсэн илтгэлээс:
Iбайрт ХААИС-ийн Байгалийн аялал жуулчлалын IV ангийн оюутан Б.Ирмүүн, удирдагч багш, доктор З.Ундрах “Виртуал аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн судалгаа”
II байрт МУИС-ийн Маркетингийн IV ангийн оюутан Ц.Намуунаа, Маркетингийн III ангийн оюутан Б.Мөнхжаргал, удирдагч багш, доктор Г.Урандэлгэр “Хэрэглэгчийн эго болон материаллаг байдал нь хуучин хувцас худалдан авах шийдвэр гаргалтад нөлөөлөх үү”
III байрт Мандах ИС-ийн Маркетинг III ангийн оюутан Б.Толкан, удирдагч багш, доктор Б.Сайнжаргал "Хэрэглэгчийн болон нөлөөлөгчийн бүтээсэн контентын харьцуулсан судалгаа” илтгэл шалгарч, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн гарын бэлэг, өргөмжлөлөөр шагнагдлаа.
Тусгай байрт:
- Мандах ИС-ийн оюутан П.Ичинхорлоо, удирдагч багш, доктор Т.Ганхуяг "Fomo (Үлдэж хоцрох айдас)-ийн худалдан авалтын дараах харамсалд үзүүлэх нөлөөлөл: Онлайн хэрэглэгчдийн судалгаа",
- Мандах ИС-ийн оюутан Г.Наранжаргал, удирдагч багш, доктор Т.Ганхуяг "Брэндийн үнэнч байдалд хэрэглэгчийн хүлээн зөвшөөрсөн чанар, сошиал медиа маркетинг нөлөөлөх нь",
- СЭЗИС-ийн оюутан Б.Номин, О.Мөнхтулга, Д.Мэндбаяр, удирдагч багш Т.Алтангэрэл "Улаанбаатар хотын иргэдийн орон сууц худалдан авах хүсэл эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа"
- ХААИС-ийн оюутан Д.Номин-Эрдэнэ, удирдагч багш Д.Туул "Хэрэглэгчийн худалдан авалтад нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа (Органик хүнсний жишээн дээр)"
- МУИС-ийн оюутан Э.Лхагвабаяр, удирдагч багш П.Баасанжаргал "Дуурь, балетын үзэгчдийн сэтгэл ханамж ба дахин үзэх эрмэлзэл"
- СУИС-ийн оюутан Н.Намуунаа, удирдагч багш Н.Туул "Брэндийн нөлөөллийн маркетингид хийсэн шинжилгээ",
Шилдэг ханан илтгэлээр Отгонтэнгэр ИС-ийн магистрант У.Хандмаа “ЕБС-ийн бага ангийн зарим сурах бичигт хийсэн шинжилгээ” сэдэвт илтгэл шалгарлаа.
Тус хурал нь Монгол улсад “Маркетинг” хөтөлбөр хэрэгжүүлж, сургалт явуулдаг их дээд сургуулиудын бакалавр магистрын түвшний оюутан судлаачид маркетингийн чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээ танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, хэлэлцүүлэг өрнүүлэх, оюутнуудын бие даан судалгаа, шинжилгээ хийх ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан суралцах, туршлага солилцох боломжийг бүрдүүлсэн, онцгой ач холбогдолтой хурал боллоо.