Хөдөө аж ахуйн их сургуульд Монгол Улсад анх удаа “Дэлхийн зөгийн өдөр” тэмдэглэж “Зөгий хамгаалал ба тогтвортой хөдөө аж ахуй” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь зөгийн аж ахуйн ач холбогдлыг олон нийтэд таниулах, судалгаа, инновацийг дэмжих, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой юм.
"Дэлхийн зөгийн өдөр"-ийг жил бүрийн 05 дугаар сарын 20-ны өдөр тэмдэглэгддэг бөгөөд 2017 онд НҮБ-аас албан ёсоор баталжээ. Словени улс санаачлагч бөгөөд энэ өдөр нь Словений нэрт зөгийчин, судлаач Антон Яншагийн төрсөн өдөртэй давхацдаг.
Зөгий нь хүнсний ургамлын ойролцоогоор 75%-ийн тоос хүртээх үйл явцад гол үүрэг гүйцэтгэдэг. Судалгаагаар дэлхийн нийт тоос хүртээлийн 70–80%-ийг зөвхөн зөгий дангаараа гүйцэтгэдэг ажээ. Бидний өдөр тутам хэрэглэдэг алим, гүзээлзгэнэ, өргөст хэмх, тарвас, самар, наранцэцэг зэрэг ургамал зөгийн туслалцаагүйгээр ургаж, үр шимээ өгөх боломжгүй юм. Мөн малын тэжээлийн ургамлууд ч зөгийн тусламжтай үржин ургадаг тул зөгий нь байгаль орчны чухал холбоос төдийгүй хүнсний аюулгүй байдлын баталгаа болдог.
Гэвч сүүлийн жилүүдэд дэлхий даяар зөгийний тоо буурч байна. Үүнд пестицидийн зохисгүй хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхай, бэлчээрийн доройтол, төрөл бүрийн шимэгч хачиг зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа аж. Монголд зөгийн аж ахуй хөгжүүлэх боломж харьцангуй сайн ч хуурайшилт, цөлжилт, ургамлын төрөл зүйлийн бууралт, химийн бодисын хэрэглээ нь эрсдэл үүсгэж байна.
Өдөрлөгийг ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль зохион байгуулж, ректор, профессор Б.Баасансүх нээлтийн үгийг хэлж, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Чинюнь Дяо, ХХААХҮ-ийн яамны газрын дарга Л.Чой-Иш, ОХУ, БНХАУ, Словени Улсаас Монголд суугаа элчин сайдын яамдын төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Илтгэл, танилцуулгад “Зөгийн аж ахуйг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого”, “Монгол орны зөгийн аж ахуйн өнөөгийн байдал”, “Бэлчээрийн нөхөн сэргээлт, ургамлын тоос хүртээлтэд зөгийн үүрэг” зэрэг сэдвээр мэдээлэл өгч, оролцогчид панел хэлэлцүүлэгт идэвхтэй оролцлоо.
Үзэсгэлэнд зөгийн бал, бүтээгдэхүүн, үржүүлэг, технологи танилцуулагдсан бөгөөд зөгийчид баярыг сайхан тэмдэглэж өнгөрүүлсэн юм.
"Дэлхийн зөгийн өдөр"-өөр зөвхөн баяр тэмдэглэх биш, хүн ба байгаль орчны харилцааг эргэн харах, хамгаалах ухамсрыг төлөвшүүлэх нь чухал юм. Иргэн бүр цэцэрлэгтээ олон төрлийн цэцэг тарих, химийн хорын хэрэглээг багасгах, байгальд ээлтэй хэрэглээг дэмжих зэрэг энгийн алхмуудыг хийхэд л зөгийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна. Жижиг хувь нэмрүүдийн нийлбэр нь том өөрчлөлт авчирдаг билээ.
#ЗӨГИЙ байвал – Ургамал байна.
#ЗӨГИЙг хамгаалах нь байгаль, хүнсний аюулгүй байдал, ирээдүйн амьдралыг хамгаалах үйл хэрэг юм.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)