Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулиас доктор, профессор Сундуйн Бадарчийн нэрэмжит “Орчин үеийн маркетингийн хөгжлийн чиг хандлага, хэтийн төлөв” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Хурлын гол зорилго нь маркетингийн хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, сорилтуудын шийдлийг эрэлхийлэхийн зэрэгцээ эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
Хуралд Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Удирдлагын академи зэрэг дотоодын их, дээд сургуулиудаас гадна БНХАУ, БНСУ, Тайланд, Унгар, Нидерланд улсын нийт 6 орны 14 сургуулийн эрдэмтэн, судлаачид, маркетинг, зах зээлийн судалгааны байгууллагууд болон бизнесийн салбарын төлөөллүүд оролцож, нийт 30 гаруй судалгаа, шинжилгээний илтгэл хэлэлцүүлж байгаа юм.
Судлаачид ухаалаг технологи, хиймэл оюун ухаан буюу AI, дижитал шилжилтийн эрин үед маркетингийн шинжлэх ухаан хэрхэн өөрчлөгдөж буй талаар судалгааны үр дүн, хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн шинэ хандлага, дата анализ болон дижитал хэрэглээний өөрчлөлтийн талаар онцлон илтгэж байв.
Эрдэм шинжилгээний хурлыг “GMR” маркетинг, судалгааны байгууллага ивээн тэтгэсэн бөгөөд олон улсын хамтын ажиллагаа, судалгааны шинэ чиглэлүүдийг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж зохион байгуулагчид дүгнэлээ. Илтгэлүүдэд “Орчин үеийн маркетинг нь зөвхөн бүтээгдэхүүн борлуулах ойлголтоос давж, хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, хэрэглэгчийн туршлагыг оновчтой болгох чиглэлд хөгжиж байна.” гэж дурджээ.
Маркетингийн шинжлэх ухаан хурдацтай шинэчлэгдэж буй энэ үед олон улсын эрдэмтэн, судлаачид туршлага, мэдлэгээ солилцож буй нь судалгаа, боловсролын салбарын хөгжилд чухал ач холбогдолтой юм.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)