Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургууль, Таримал ургамал, ой, ландшафтын архитектурын тэнхим болон “Ойм ногоон урлан” ХХК хамтран “Ургамлын ертөнц” цэцэг, ургамлын үзэсгэлэнг 2026 оны 10 дугаар сарын 09–12-ны өдрүүдэд 11:00–18:00 цагийн хооронд ХААИС-ийн хичээлийн төв байрны хоёрдугаар давхарт зохион байгуулж байна.
Үзэсгэлэн нь ургамлын соёл, ногоон байгууламжийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, цэцэг, ургамлыг зөв сонгон ургуулж, арчлах мэдлэг, дадлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Орчин үед өрөө тасалгаа, ажлын байранд ногоон байгууламж төлөвлөх нь зөвхөн гоо зүйн үзэмж төдийхөн биш болжээ. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл, ногоон орчин нь хүний байгальтай харьцах хэрэгцээг хангаж, стрессийг бууруулан бүтээмжийг нэмэгдүүлдэг байна. Мөн тасалгааны ургамал нь агаараар дамжих хорт бодисыг шүүж, чийгшлийг тэнцвэржүүлэх, экологийн бичил уур амьсгалыг бүрдүүлэхээс гадна орон зайг тусгаарлах, дуу чимээг багасгах зэрэг архитектур төлөвлөлтийн маш чухал үүргийг гүйцэтгэдэг байна.
Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь ХААИС-ийн эрдэмтэн судлаач, профессор багш нар “Ургамлын эмч” булан ажиллуулж, иргэдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж буй юм. Та бүхэн гэр, ажлын байран дахь цэцэгт ургамлаа өөрийн биеэр авчран оношлуулж, өвчин хортон шавжийн шинж тэмдгийг тодорхойлуулахаас гадна, мэргэжлийн хүмүүсээс арчилгааны зөвлөгөө авч, шаардлагатай тохиолдолд хөрсөө солилцох үйлчилгээ ч авах боломжтой.
Үзэсгэлэнгийн 2 дахь өдөр 10 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цагт Япон улсын Хоккайдогийн цэцэгт хүрээлэнгийн доктор, профессор Убуката Масао тус хүрээлэнгийн үйл ажиллагаа, туршлагыг танилцуулна
Үзэсгэлэнгийн үеэр тасалгааны цэцэг, ургамлын үзэсгэлэн худалдаа, ургамал арчлах мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ, цэцэг ургамлаар зохиомж хийх болон тарих сургалт, террариум урлах практик сургалт зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулна. Мөн ургамлыг интерьер, экстерьерт зөв сонгон ашиглах, ажлын байрны ногоон орчин бүрдүүлэх, тасалгааны ургамлыг зөв арчлах талаар гурван өдрийн турш сургалт, мэдээлэл хүргэнэ. Япон болон Монгол эрдэмтэд “Цэцэг, ургамлын соёл” сэдэвт сургалт, илтгэл зохион байгуулна.
“Ургамлын ертөнц” үзэсгэлэн нь цэцэг, ургамал сонирхогчдод мэргэжлтнүүдээс зөвлөгөө авч, ургамлын арчилгаа, ургуулалт, зохиомжийн талаар мэдлэгээ нэмэгдүүлэх, ногоон орчныг амьдрал, ажлын орчиндоо зөв төлөвлөн бүрдүүлэх арга туршлагатай танилцах боломжийг олгоно.