Нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, гавьяат багш, доктор, профессор А.Чойжамцын “Номын баяр” боллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-11-02 17:55:32

 

Нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ажиндайн Чойжамцын эрдэм судлал, багш сурган хүмүүжүүлэх үйлс, бүтээл туурвилыг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор түүний “Номын баяр”-ын үйл ажиллагааг 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

 

Монголын Агрономчдын холбооны санаачилгаар түүний бүтээлүүдийг “Газар тариалангийн мэргэд-VIII”, “Газар тариалангийн мэргэд-IX” ботиудад эмхэтгэн үр хүүхдүүдтэй нь хамтран хэвлүүлж, уншигч олны хүртээл болгож байгаа билээ. Түүнчлэн түүний зарим сурах бичгийг шинэчлэн сайжруулж, дахин хэвлэн нийтэлж байгаа нь эрдэм мэдлэг, судалгааны бүтээлүүдийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой юм.

 

Номын баярт түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамтран ажиллаж байсан ахмад багш нар, эрдэмтэн судлаачид, Агроэкологийн сургууль, Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн хамт олон, шавь нар, оюутан суралцагчдын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцож, эрдэмтэн багшийн бүтээл туурвил, эрдэм судлалын үйлс, сурган хүмүүжүүлэх их хөдөлмөрийг хүндэтгэн дурслаа.

 

Энэхүү “Номын баяр” нь эрдэмтэн багшийн олон жилийн хөдөлмөр, мэдлэг оюуны өвийг алдаршуулан таниулахын зэрэгцээ эрдэм номын үнэ цэн, багш шавийн эрхэм нандин холбоог хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чиглэсэн үйл ажиллагаа боллоо.

Эрдэм номын цагаан буян арвидан дэлгэрэх болтугай!