ХААИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг бүтээлүүд шалгарлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-11-23 16:33:53

Хөдөө аж ахуйн их сургуулийн Магистрант, докторантын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Тус хурлыг ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газраас магистрант, докторантын судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний хүрээнд хэлэлцүүлэх, шилдэг бүтээлийг шалгаруулах, залуу судлаачдын эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний бага хуралд нийт 46 илтгэл хэлэлцүүлэв. Үүнээс 18 илтгэлийг докторантын нэгдсэн хуралдаанд, 28 илтгэлийг магистрантын гурван салбар хуралдаанд танилцууллаа. Хуралдаан бүрд судалгааны арга зүй, үр дүнгийн талаар асуулт, хариулт өрнүүлэв.

Хурлын нээлт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд болж, докторантын нэгдсэн хуралдаан болон магистрантын гурван салбар хуралдаанаар үргэлжиллээ.

Хуралдааны дүнгээр докторантын нэгдсэн хуралдаанаас гурван бүтээл, магистрантын гурван салбар хуралдаан тус бүрээс хоёр бүтээл, нийт есөн бүтээл шалгарлаа.

Докторантын нэгдсэн хуралдаанд Н.Тогтохбаяр удирдагчтай докторант Н.Солонго “Зөгийн бүлийн аж ахуй, биологийн зарим шинжид уураг витаминт тэжээлийн нөлөө” бүтээлээр тэргүүн байр эзэллээ. П.Мягмарсүрэн удирдагчтай докторант П.Дулам “Адууны герпес вирусийн 1 ба 4 дүгээр хэвшлийн эсрэгбиеийг ялган илрүүлэх пептидэд суурилсан оношлуур боловсруулж, туршсан нь” бүтээлээр дэд байр, Б.Бадамсүрэн, В.Энхчимэг удирдагчтай докторант Ш.Энхмаа “Монгол хонины зургаан үүлдрийн удам зүйн ялгааг микросателлит маркераар үнэлсэн дүн” бүтээлээр гутгаар байр эзлэв.

Мал аж ахуй, мал эмнэлгийн магистрантын салбар хуралдаанд Д.Эрдэнэчимэг удирдагчтай магистрант Д.Нямцэрэн “Бог малын мялзангийн вирусийн нуклеокапсид уургийн N-терминал хэсгийг рекомбинант аргаар гарган авах судалгаа” бүтээлээр тэргүүн байр, Д.Дэлгэрмөрөн удирдагчтай магистрант Э.Бадам “Тахианы махан дахь тетрациклиний бүлгийн антибиотикийн үлдэц ба түүнд тэсвэржсэн нянгийн хоорондын хамаарлыг судалсан дүн” бүтээлээр дэд байр эзэллээ.

Агроэкологи, байгаль шинжлэл, газрын харилцааны магистрантын салбар хуралдаанд Н.Бат-Эрдэнэ удирдагчтай магистрант Б.Энхжин “Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV) ашиглан халиун бугыг илрүүлэх, тоолох” бүтээлээр тэргүүн байр, Н.Цэгмид удирдагчтай магистрант Г.Өсөхбаясгалан “Хиймэл үүрэнд үүрлэх идлэг шонхорын (Falco cherrug) үржлийн үеийн идээшил нутгийн хэмжээ болон популяцийн доторх орон зайн харилцаа” бүтээлээр дэд байр эзэллээ.

Инженер, эдийн засаг, мэдээлэл зүйн магистрантын салбар хуралдаанд Ж.Эрдэнэдалай удирдагчтай магистрант Д.Батзаяа “Үр тариа хураах комбайнд авто-жолоодлогын систем туршсан үр дүн” бүтээлээр тэргүүн байр, Ж.Мөнгөн удирдагчтай магистрант М.Батбаатар “Тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвасад мод тарих төхөөрөмжийн хийцийн загварчлал” сэдэвт бүтээлээр дэд байр  тус тус эзэллээ.

Хуралд судалгааны бүтээлээ танилцуулсан нийт магистрант, докторант, удирдагч багш нар болон шүүгчдийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Шилдэг бүтээлээр шалгарсан судлаачдадаа баяр хүргэж, судалгааны ажилд нь амжилт хүсье.