Франц, Итали, Грек, Румын, Марокко, Монгол Улсын их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Нүүдлийн мал аж ахуйн уламжлалыг залуу үед өвлүүлэх хамтарсан сургалт” төслийн үр дүнг танилцуулах нээлттэй уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр бүсийн уулзалтын танхимд 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр боллоо.
Тус төсөл нь Франц улсын Сан-Гудоны Хөдөө аж ахуйн сургууль (EPLEFPA de Saint-Gaudens)-ийн санаачилга, удирдлага дор Итали, Грек, Румын, Марокко, Монгол Улсын түнш байгууллагуудтай хамтран хэрэгжиж байгаа бөгөөд “Нүүдлийн мал аж ахуйн экосистем” төслийн хүрээнд нүүдлийн мал аж ахуй, түүний дагасан уламжлалт мэдлэг, соёлын өвийг хадгалан хамгаалах, залуу үед өвлүүлэн уламжлуулахад чиглэж буй юм.
Нээлттэй уулзалтад төслийн удирдагч, Францын Сан Гудоны ХАА-н сургуулийн дэд захирал Фабьен Жилот (Fabienne GILOT), Испанийн Малчдын эрх ашгийг хамгаалах холбооны дэд ерөнхийлөгч Франческа Пасетти Бомбарделла, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Гадаад харилцаа, түншлэлийн газрын дарга, төслийн Монгол талын зохицуулагч Ц.Сүхтулга, монголын ахмад, залуу малчдын төлөөлөл, Франц, европын орнуудын төлөөлөгчид болон бусад зочид оролцов.
Уулзалтын үеэр төслийн зорилго, хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны талаар танилцуулж, нүүдлийн мал аж ахуйн уламжлал, соёлын өвийг хамгаалах, залуу үед өвлүүлэн уламжлуулах асуудлаар оролцогчид санал бодлоо солилцлоо.
Төслийн гол зорилго нь ЮНЕСКО-ийн соёлын өвийн хүрээнд хамгаалан хөгжүүлэх шаардлагатай уламжлалт нүүдлийн мал аж ахуй (transhumance)-г хадгалан хамгаалах, хөгжүүлэхийн зэрэгцээ ирээдүйн залуу малчид, мал аж ахуй эрхлэгчдэд тогтвортой, эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд ээлтэй мал аж ахуй эрхлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд оршиж байна.
Төслийн хүрээнд дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлжээ.
Нүүдлийн мал аж ахуйн уламжлал, арга практикийг сургалтаар таниулах
Залуу малчдыг бэлтгэх, мал аж ахуйн салбарын үе залгамж халааг дэмжих
Нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн ач холбогдлыг таниулах
Бэлчээр, ус болон байгалийн бусад нөөцийг зохистой ашиглах, хамгаалах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх
Мал аж ахуйн зохион байгуулалт, менежментийн чиглэлээр сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүн боловсруулах
Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнэ, нэмүү өртгийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих
Европ, Африк болон Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн туршлага, сайн практикийг харилцан солилцох
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, цаашдын ажлын байртай холбоотой ур чадварыг хөгжүүлэх зэрэг болно.
Түүнчлэн төслийн хүрээнд 2024 онд Бүгд Найрамдах Грек Улс, 2025 онд Бүгд Найрамдах Румын Улсад олон улсын сургалт, уулзалтуудыг зохион байгуулж, оролцогч улс орнуудын нүүдлийн мал аж ахуй, соёлын өв, уламжлалт мэдлэгийг хадгалан хамгаалах арга туршлагаас харилцан суралцаж, туршлага солилцсон байна. Дээрх сургалтад ХААИС-ийн 5 оюутан, 2 багш хамрагджээ.
Энэхүү олон улсын хамтын ажиллагаа нь Монгол Улсын уламжлалт нүүдлийн мал аж ахуйн өв соёлыг хадгалан хамгаалах, залуу үед өвлүүлэн уламжлуулахын зэрэгцээ малчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, орчин үеийн мэдлэг, ур чадварыг уламжлалт мэдлэгтэй хослуулахад чухал ач холбогдолтой юм.
Уулзалтын төгсгөлд оролцогч талууд нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, залуу малчдын боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, уламжлалт мэдлэг, соёлын өвийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцоллоо.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)