“Уур амьсгалын өөрчлөлт-Сүрьеэгүй Ази” уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах олон улсын эрдэм шинжилгээний форум 2026 оны 12 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.
Форумаар “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний IX хурал уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн асуудлыг уялдуулан хэлэлцэж байгаагаараа онцлог юм.
.jpg)
.jpg)
Нээлтийн үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар ч улс орон, салбар дангаараа тэмцэж чадахгүй бөгөөд гагцхүү үндэсний болон дэлхийн хэмжээнд салбар дамнасан стратегийн түншлэл, хамтын ажиллагаа нэн чухал” гэдгийг онцлон тэмдэглэв.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудлаар хязгаарлагдахгүй, хүн амын эрүүл мэнд, халдварт өвчний тархалт, хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлж буй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгааг онцоллоо.
Харин УИХ-ын гишүүн, парламентын дэргэдэх “Ардын эрүүл мэндийг хамгаалах” лобби бүлгийн дарга Ж.Чинбүрэн шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан бодлого, бүс нутгийн хамтарсан судалгааг хөгжүүлэхийн зэрэгцээ тэдгээрийг бодит ажил болгоход тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалт чухал болохыг, уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэнд, тэр дундаа сүрьеэгийн өвчлөлд хэрхэн нөлөөлж байгааг бүс нутгийн хэмжээнд бодит тоон үзүүлэлтээр судалж, улс орнуудын хамтарсан томоохон судалгаа, бодлогын шийдлийг хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
Түүнчлэн хүүхдийн сүрьеэ, сүрьеэгийн халдварын чиглэлээр Монгол Улсад олон жил судалгаа хийсэн судлаач, УИХ-ын гишүүн Д.Ганмаа хүүхдийн сүрьеэг бууруулахын тулд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, анхан шатны тусламж үйлчилгээг уялдуулж, судалгааны нотолгоонд тулгуурласан төрийн бодлого, төсөв, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэв.
Форумд 16 орны 120 гаруй төлөөлөгч, эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллага болон салбарын мэргэжилтэн оролцож эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин, шинжлэх ухаан, инновацыг холбон, Азийн орнуудын хамтын шийдэл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох чухал талбар болж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын УИХ-ын дарга, Засгийн газар, УИХ-ын гишүүд, ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн хорооны удирдлага, гишүүд, Солонгосын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлаг, Солонгосын Үндэсний Сүрьеэгийн нийгэмлэгийн төлөөлөл болон бусад хүндэт зочид оролцлоо.
Хоёр өдөр үргэлжлэх тус форумын хүрээнд бий болох судалгаа, шинэ мэдлэг, технологи, бодлогын санал нь Ази тивийн эрүүл, аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ирээдүйг бий болгоход чиглэх юм.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
1.jpg)