Монгол Улсын байгаль орчны үнэлгээний тогтолцоог олон улсын жишиг, стандарттай нийцүүлэн хөгжүүлэх, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн байгаль орчин, нийгмийн хамгааллын хэрэгжилтийг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Байгаль орчны үнэлгээ ба тогтвортой хөгжил: Олон улсын чиг хандлага, хамтын ажиллагаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болж өнгөрлөө.
.jpg)
.jpg)
БОУАӨЯ, Хөдөө аж ахуйн их сургууль, Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулсан тус хуралд олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүд, донор байгууллагуудын төлөөлөл, төрийн байгууллага, эрдэмтэн судлаачид болон байгаль орчны мэргэжлийн байгууллагууд оролцож, салбарын бодлого, практикт тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
.jpg)
.jpg)
Хурлын хүрээнд “Олон улсын хөгжлийн түншүүдийн байгаль орчин, нийгмийн хамгааллын стандарт ба Монгол Улсын хөгжлийн төслүүдийн хэрэгжилт” сэдэвт тусгай панел хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын санхүүжилттэй томоохон бүтээн байгуулалт, дэд бүтэц, уул уурхай болон хөгжлийн төслүүдийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ, хамгааллын арга хэмжээ, хяналт-шинжилгээ, тайлагналын асуудлыг хөндөж, олон улсын туршлагыг Монгол Улсын өнөөгийн практиктай харьцуулан авч үзэв.
Үндэсний хууль тогтоомж болон олон улсын стандартын уялдааг хангах, хэрэгжилтийн явцад тулгарч буй сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.
Түүнчлэн дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид байгаль орчны нөлөөллийн үнэлгээний олон улсын чиг хандлага, арга зүй, экосистемийн хамгаалал, нөхөн сэргээлт, хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөрөнгө оруулалт зэрэг өргөн хүрээний сэдвээр судалгааны илтгэлүүдээ танилцуулж, хэлэлцүүлэв.
Энэхүү хурал нь олон улсын хөгжлийн түншүүд болон Монгол Улсын төр, шинжлэх ухаан, мэргэжлийн байгууллагуудын хооронд бодитой яриа хэлэлцээ өрнүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгаль орчны үнэлгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэнээрээ онцлог болов.
.jpg)
.jpg)