“Орчин цагийн мал зүйн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жил” онол-үйлдвэрлэлийн бага хурал болов

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-12-05 13:01:14

Монгол Улсад Мал үржлийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ХХААХҮЯ, ХААИС, Мал аж ахуй биотехнологийн сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Орчин цагийн мал зүйн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жил” онол-үйлдвэрлэлийн бага хурлыг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ХААИС дээр амжилттай зохион байгууллаа. Мал аж ахуй, хөнгөн үйлдвэр, холбогдох салбарын төлөөлөл болж орон нутаг, төрийн болон хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллагаас ахмад, дунд, залуу үеийн 400 гаруй малзүйч хүрэлцэн ирж оролцлоо.

Онол-үйлдвэрлэлийн бага хурлыг нээж, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор Л.Баяртулга, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун нар үг хэлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Тус онол-үйлдвэрлэлийн бага хурал “Мал аж ахуй- Хөгжлийн түлхүүр”, “Бэлчээр, тэжээл – Үндэсний баталгаа”, “Мал аж ахуй - Хүнсний хангамж, аюулгүй байдал” сэдэвт гурван салбар хуралдаанаар үргэлжилж, экологид ээлтэй мал аж ахуйг тогтвортой эрхлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, малын генетик нөөцийг зохистой ашиглаж хамгаалах, тус салбарын үйлдвэрлэлийг тооноос чанар, бүтээмжид шилжүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн ба өртгийн тогтолцоо, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлж, өрсөлдөх чадвар, үр өгөөжийг нь сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх талаар санал бодлоо хэлэлцэв.

Хурлын төгсгөлд хурлын төлөөлөгчдөөс гарсан санал, шүүмж, зөвлөмжийг нэгтгэн “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн талаар цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаанд тусгах санал”-ын төслийг боловсруулан баталж, Монгол Улсын их хурлын дарга, Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарт хүргүүлэхээр тогтов.