Хөдөө аж ахуйн их сургуулийн 2024 оны төсвийн төсөлд салбар нэгжүүдээс санал авлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-12-20 19:19:50

Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдлага, газрын захирлууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд ХААИС-ийн 2024 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ жилийн төсөв хэлэлцүүлэгт салбар нэгжүүдээс санал авч тусгасан нь онцлог байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 306 дугаар тогтоолын дагуу Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Шаамар сум дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг нэгтгэн Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь Политехник коллеж, Булган аймаг дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг нэгтгэн Булган аймаг дахь Политехник коллеж, Төв аймгийн Заамар сум дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг Төв аймаг дахь Политехник коллеж болгон Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа болгон өөрчлөн байгуулсан.

Ирэх 2024 оноос ХААИС-ийн харьяа политехник коллежууд нь тус сургуультай хамтран шаталсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төсвийн хэлэлцүүлэгт ХААИС-ийн харьяа Сэлэнгэ аймаг дахь политехник коллежийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Загдгочоо, Булган аймаг дахь политехник коллежийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Пүрэвсайхан, Төв аймаг дахь политехник коллежийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа нар орон нутгаас хүрэлцэн ирж төсөвт саналаа тусган оролцлоо.

Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдлагууд бүрэлдэхүүний сургууль, салбар нэгжийн саналыг тусган ХААИС-ийн нэгдсэн төсвийг боловсруулж Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх юм.