“Монгол орны биомассын нөөц-Япон технологи-Монгол бионүүрс үйлдвэрлэл-Хэрэглээ” инновац үйлдвэрлэлийн бага хурал боллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-12-25 16:20:15

“Монгол орны биомассын нөөц-Япон технологи-Монгол бионүүрс үйлдвэрлэл-хэрэглээ” инновац үйлдвэрлэлийн бага хурлыг ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд Инженер технологийн сургууль, Бионүүрс судлалын төвөөс зохион байгуулж хурлыг нээж ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор Л.Баяртулга, “Pear carbon offset” ХХК-ийн захирал Казуо Сасаки нар үг хэллээ.

Ноён Казуо Сасаки “Японы биомасс нунтаг нүүрсний технологи ба дэлхийн дулаарлыг сааруулахад биомассын нунтаг нүүрсний оруулах хувь нэмэр” илтгэлдээ Yamamoto Bio-Charcoal Mfg компанийн Ямасэн нүүрсжүүлэх ил зуухны технологийг Монгол Улсад нэвтрүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, дасан зохицох, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах бизнесийн талаар танилцуулаа. Түүний илтгэлд дурдсанаар, Улаанбаатар хот өвлийн улиралд дулаан хангамжаа чулуун нүүрс шатаах замаар буюу гурван цахилгаан станц, гэр хорооллын 200 халаалтын зуух, 130 мянган өрхийн 220 мянган зуухны ашиглалтаар шийдэж байна. Нийслэлд 2019 оноос гэр хорооллын өрх халаалтын зууханд түүхий нүүрс түлэхийг хориглосон боловч нүүрсний шаталтаас үүдэлтэй агаарын бохирдлыг шийдэх оновчтой арга олоогүй л байна. Харин бионүүрс нь СО2 ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэр юм. Бионүүрс үйлдвэрлэх Ямасэн нүүрсжүүлэх ил зуухны технологи, тоног төхөөрөмж нь энгийн, хөрөнгө оруулалтын болон урсгал зардал бага гэлээ.

Профессор Б.Мөнхбат “Монгол орны бионүүрсний судалгаа- Үйлдвэрлэл-Хэрэглээ, хүлэмжийн хийг бууруулах боломж” илтгэлдээ бионүүрс нь СО2-ээс үүссэн, хатуу хэлбэрт шилжсэн, агаар мандлаас хөрсөнд шууд шингэж байгаа нүүрстөрөгч юм гэдгийг онцлон тэмдэглэсэн. Бионүүрсийг хөрсөнд шингээснээр хөрсний хүчилтөрөгчийн хангамж сайжирч ургамлын өсөлтийн динамикийг өөрчилдөг. Бионүүрс нь маш өндөр сүвэрхэг чанартай  учир түүний эзэлхүүний хэмжээ мөн төдийн чинээ их байдаг, 1.5 гр бионүүрсийг дэлгээд тавихад гурван хөлбөмбөгийн талбайтай тэнцдэг байна. Түүнчлэн хөрсний катион солилцооны чадварыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэхээс гадна хөрсөнд олон сайн нөлөөллийг үзүүлдэг. Тухайлбал, бионүүрс нь хөрсний чийгийг тогтвортой барьж бүтцийг нь сайжруулж байдаг. Бионүүрсний 83% хоосон орон зай, үлдсэн 17% нь нүүрстөрөгч, эзэлхүүний 33% нь бөөмсийн холбоос байдаг нь хөрсний усыг хадгалж, агааржуулалтыг сайжруулдаг. Хөрсний ашигтай бактерийн амьдрах чадварт хоол, ус хоёр нэн чухал бөгөөд бионүүрс нь хөрсний чийгийг нэмэгдүүлж ургамлыг хөрсний бичил биетээр хооллоход хялбар, хүртээмжтэй болгодог. Тариалангийн талбайд бионүүрс хийснээр хөрсний ялзмаг нэмэгдэж ургамлын өсөлт 16%, ус ашиглалт 19%, фосфор 45% нэмэгдэж, нитрат угаагдаж алдагдах нь 26%-иар буурдаг байна.

Дэлхийн улс орнууд биомассыг пиролиз буюу хүчилтөрөгч дутмаг орчинд халуун задралд оруулан СО2-ийг хатуу хэлбэрт шилжүүлэн бионүүрс гарган авч хөрсөнд булах замаар хүлэмжийн хийг бууруулах арга сонгон, туршилт судалгааг өргөн хүрээнд явуулж байна.

ХААИС-ийн судлаачид энэ арга технологийг судлан, нутагшуулж 100.0 гаруй тонн бионүүрс үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлсэн. Манай улс 70.0 гаруй сая малтай ч түүнээс гарч байгаа биомассын ашиглалт хангалтгүй бөгөөд бэлчээрийн малаас ялгаран гарч байгаа шивх бууцны хэмжээг тооцоолон гаргаж үүний 50%-ийг ашиглан бионүүрс гарган авна гэж үзэхэд энэ нь жилд 8,62 сая тонн болох бөгөөд манай орны хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 22,7%-иар бууруулна гэсэн зорилтыг хоёр жилийн хугацаанд биелүүлэх боломжтой юм.

Бионүүрсийг хүлэмжийн хийг бууруулах гол арга механизм мөн болохыг  Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан COP-28 арга хэмжээн дээр цохон тэмдэглэсэн. ХБНГУ-ын судлаачид нэг тонн бионүүрс өөртөө 3.2 тонн СО2 агуулж байгааг нотолсон.

Манай орны хувьд бионүүрсний судалгаа 2008 оноос эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ХААИС-ийн эрдэмтэн судлаачид бионүүрс гарган авах гурван төрлийн зуухыг зохион бүтээж, сорилт, туршилт зүгшрүүлэлт хийж TLUD хэлбэрийн зуухыг хэрэглээнд нэвтрүүлжээ. Мөн нунтаг биомассыг пиролизд оруулах албадан үлээлттэй зуух, том оврын 4-8.5м3 багтаамжтай зуухны зураг төслийг бэлэн болгосон. Бионүүрсийг хөрс сайжруулалтад ашиглах туршилтын ажлыг лабораторийн нөхцөлд болон Өмнөговь аймгийн Ханбогд суман дах хөрсний нөхөн сэргээлтэд ашиглан хөрсний чийг тогтоон барих чадварыг 70 хоног гэдгийг тогтоов. Мөн манай судлаачид бионүүрсэнд суурилсан хөрсөн бортого, малын эм, түлш, үр бүрэх технологи, саван шүүлтүүр зэрэг бүтээгдэхүүнийг гарган аваад байна.

Инновац үйлдвэрлэлийн бага хурлаар танилцуулагдаж байгаа илтгэлүүд нь монгол орны биомассын нөөцийг зохистой ашиглах замаар агаарын бохирдлыг бууруулах бионүүрсийг их хэмжээгээр үйлдвэрлэх япон улсын шилдэг технологийг танилцуулах, бионүүрсийг халаалтын зууханд нүүрсний оронд ашиглах, Монгол Улсад энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн байгаагаараа онцлог байлаа.