Монгол дахь сайн дурын оюутны бүлэг “Эко Мон” төслийг амжилттай хэрэгжүүллээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-12-27 21:01:30

БНСУ-ын Шилдэг оюутнуудын сайн дурын байгууллага нь Азийн Монгол, БНХАУ, Казакстан, Вьетнам, Камбож улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм. Энэхүү байгууллагын 25 оюутан таван багт хуваагдан дээрх таван улсад ажиллаж буй бөгөөд Монгол Улсад хуваарилагдсан баг ХААИС-ийн харьяа Байгалийн ухаан, ухаалаг технологийн сургалттай ахлах сургуульд “Eco zone” сурагчдын амралт, уулзалтын өрөөг тохижуулах төслийн санал илгээсэн нь бусад улсад ажиллаж буй багуудаасаа шалгаран хэрэгжихээр болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Монгол дахь сайн дурын оюутны бүлэг “Eco zone” төслөө хэрэгжүүлэн “Эко Мон” оюутан сурагчдын амралт чөлөөт цагаа ая тухтай, үр дүнтэй өнгөрөөх өрөөг тохижуулж Байгалийн ухаан, ухаалаг технологийн сургалттай ахлах сургуульд хүлээлгэж өглөө.  

“Эко Мон” клуб нь Тогтвортой хөгжлийн 4, 13, 15, 17 дугаар хүчин зүйлийн хүрээнд  ХААИС болон ахлах ангийн бүх сурагчдын дунд

  1. Ахлах ангийн сурагчид болон оюутнуудын сурах, амрах орчныг бүрдүүлэх
  2. “Эко Мон” клубын үйл ажиллагааны орон зай, тогтвортой байдлыг хангах
  3. Байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн нөлөөллийн бүлэг ажиллуулах зорилготой гэдгийг нээлтийн танилцуулгадаа дурдлаа.

“Эко Мон” клубын өрөөг оюутан сурагчдын хичээл хоорондын завсарлагаанаар богино хугацаанд хооллох  боломжийг бүрдүүлж  пэйж, ус шүүгч, агааржуулагч, бие даалт хийх компьютер, хэвлэх принтер, номын сан зэргээр тохижуулжээ. Мөн жижиг зүйлийг ч орхигдуулалгүй дулаан хучлагыг хүртэл бэлдэж тавьсан байв.  

“Эко Мон” клубд нэгдсэнээр Монгол, солонгос хэл харилцан суралцах, олон нийтийн сайн дурын үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох, байгальд орчинд ээлтэй амьдрах, байгалиа хамгаалах, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах, суралцах, санал солилцох боломж бүрдэж байна.

Төслийн Монгол дахь удирдагч багшийн зүгээс төслийг амжилттай хэрэгжихэд дэмжиж ажилласан ХААИС-ийн Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Болормаа, Хөдөө аж ахуйн төв номын сангийн захирал Б.Буянзаяа нарт талархсанаа илэрхийллээ.

4. Чанартай боловсролыг дэмжих

13. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах

15. Хуурай газрын эко системийг хамгаалах

17. Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх