КОПИА Монгол төв ХААИС хамтран 2023 онд хэрэгжүүлсэн төслүүдийг танилцуулж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-01-08 18:17:40

“Монгол оронд тохиромжтой ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулах төсөл”: Сүхбаатар дүүргийн Партизан, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Төв аймгийн Аргалант сум, Сэлэнгэ аймгийн Сант сум гэсэн дөрвөн бүсэд нийт 80 өрхөд тэжээлийн ургамлын 60 тн үр тарааж 400 га газар тариалалт хийж нийт 800 тн тэжээл хурааж аваад байна. Мөн арвай, овьёос, эрдэнэ шишийн 96 тн үр хураан авч 2024 онд төсөлд хамрагдаж буй өрхүүдэд тараан өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэжээлийн ургамлын үр бэлтгэн нийлүүлснээр чанартай тэжээл хангах боломжийг нэмэгдүүлнэ.

Мөн ферментжүүлсэн тэжээл (FTMR, Fermented Total Mixed Ratio) нь малын хоол боловсруулалтыг нэмэгдүүлж тэжээлийн дутагдлыг нөхөж махны гаралтыг нэмэгдүүлдэг. Ферментжүүлсэн тэжээлээр 2022 онд тэжээсэн үхрийн махны гарц 17%-аар нэмэгдэж энгийн үхрийн махнаас 38%-аар илүү үнэтэй зарагдсан. Нэг өрх 45 орчим тонн, нийт 3.600 тн тэжээл бэлтгэж, малын хорогдлыг одоогийнхоос 20-30%-аар бууруулсан. Ферментжүүлсэн тэжээлийг өрх бүрд 2 тн, нийт 160 тн-ыг нийлүүлснээр махны гарц 30% нэмэгдэж өрхийн орлого 25%-аар нэмэгдэх урьдчилсан тооцоог гаргасан. КОПИА Монгол төв нь 2023 онд ХААИС-д “Ферментжүүлсэн тэжээлийн судалгаа үйлдвэрлэлийн төв”-ийг байгуулсан.

“Монгол оронд тохиромжтой ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулах төсөл”

“Ногоон бордуурыг ашиглан улаан буудайн ургацыг нэмэгдүүлж, чанар сайтай үрийг түгээн дэлгэрүүлэх төсөл”: Монгол Улсад улаан буудай нь стратегийн ач холбогдолтой хүнс хэдий ч 1990 оноос хойш үрийн шинэ сорт илрүүлэх, үр бэлтгэн нийлүүлэх ажлууд дутмаг хийгдсэн. КОПИА Монгол төв нь 2014 оноос Монгол оронд тохиромжтой улаан буудайн сорт сонгон шалгаруулах төслийг хэрэгжүүлэн ургац ихтэй Дархан 144 зэрэг зургаан сорт гарган авч, түгээн дэлгэрүүлж 6.000 тн үрийг тариаланчдад бэлтгэн нийлүүлсэн. Төслийн хүрээнд 2014 оноос өмнө улаан буудайн үрийн 3%-аас бага хувийг дотооддоо хангадаг байсан бол 18% болж өссөн. Гэвч тариалангийн талбайн хөрсний үржил шим муу, хур тунадас бага зэргээс үүдэн 1 га газраас 1.6 тн ургац хурааж байгаа нь Солонгос улсынхтай харьцуулахад 60%-аар бага үзүүлэлт юм. КОПИА Монгол төв улаан буудайн чанартай үрийг бэлтгэн нийлүүлэх, ногоон бордуурыг ашиглан хөрсний үржил шимийг сайжруулж улаан буудайн ургацыг нэмэгдүүлэх төслийг Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн (УГТХ)-тэй хамтран хэрэгжүүлж байна. 2023-2025 онд стандарт үр 1.050 тн, баталгаажсан үр 14.000 тн бэлтгэн нийлүүлж, ногоон бордуураар хөрсний үржил шимийг сайжруулснаар ургацын хувь нэмэгдэнэ гэж тооцсон. Ногоон бордуур тариалснаар хөрсөн дэх органик бодисын агууламж нэмэгдэж хөрсний чийг барих чадвар, үржил шим нэмэгдэж, улаан буудайн ургац 25% нэмэгдэх боломжтой. Энэхүү төсөл үргэлжлүүлэн хэрэгжвэл улаан буудайн үрийг дотооддоо 80% хүртэл хангах боломжтой болно. Монголын засгийн газраас үрийн хороо байгуулах тухай хууль эрх зүйн орчин бүрдүүлж өгсөн нь магтууштай бөгөөд үрийн хороо байгуулах ажил дээр КОПИА Монгол төвийн зүгээс хичээн ажиллах болно.

“Ногоон бордуурыг ашиглан улаан буудайн ургацыг нэмэгдүүлж, чанар сайтай үрийг түгээн дэлгэрүүлэх төсөл”

“Монгол оронд тохиромжтой жижиг жимст лооль, бөөрөнхий сонгинын сорт түгээн дэлгэрүүлэх төсөл”: КОПИА Монгол төв нь мал аж ахуй, улаан буудай зэргээс гадна хүнсний ногооны салбарт жижиг жимст лооль болон бөөрөнхий сонгинын сортыг шалгаруулан түгээн дэлгэрүүлэх төслийг хэрэгжүүлэн 2023 онд дуусаж байгаа ч гэсэн Монголд хүнсний ногооны үр үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэх эхний шат болж өгсөн ба бөөрөнхий сонгинын хувьд Солонгосын үр үйлдвэрлэлийн компанийн техник технологийг ашиглан Монгол оронд тохиромжтой шинэ үр сортыг гаргаж авах төсөл хэрэгжихээр бэлтгэл ажил явагдаж байна. Монгол улсын хувьд үрийн ихэнх хувийг БНХАУ, ОХУ-аас авч байгаа тул газар нутгийнхаа өргөн уудам давуу талаа ашиглан үр үйлдвэрлэлийг дэмжин ажиллавал, хүнсний ногооны үрийг дотоодод хангах, цаашлан хөрш орнууд руу экспортлох боломжтой юм.  

“Монгол оронд тохиромжтой жижиг жимст лооль, бөөрөнхий сонгинын сорт түгээн дэлгэрүүлэх төсөл”