Азийн хөгжлийн банкны "Улаанбаатар хотын хүнсний хаягдлыг дахин боловсруулах төсөл"-тэй хамтран ажиллах гэрээ байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-01-15 12:35:11

Хөдөө аж ахуйн их сургууль Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын хүнсний хаягдлыг дахин боловсруулах төсөл”-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны гэрээг ХААИС-ийн ректор Б.Баасансүх, “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийн зохицуулагч Д.Нямдорж нар үзэглэлээ.

Уг төсөл нь Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангаас Азийн хөгжлийн банкаар дамжуулан 3.2 сая.ам долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2020-2024 онд хэрэгжиж буй юм.

“Улаанбаатар хотын хүнсний хаягдлыг дахин боловсруулах төсөл” нь

-       Хүнсний хаягдлыг талаар мэдлэг, ухамсрын нэмэгдүүлэх

-       Хүнсний хаягдлаар компост хийх аргыг заан сурталчлах

-       Улаанбаатар хотын хүрээлэн буй орчныг сайжруулахад нэмэр болох

-       Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах

-       Шинээр бизнес эрхлэх, ажлын байр бий болгох боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор жижиг түвшинд айл өрх, дунд түвшинд албан байгууллага, том түвшинд компост бордоо хийх байгууламж гэсэн гурван түвшинд хэрэгжиж байна.  

Хоёр талын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд төсөл хэрэгжүүлэгчээс хүнсний хаягдлаар компост хийх дундын эзэмшлийн хайрцаг, бүтцийн материал, бусад дагалдах хэрэгслийг ХААИС-ийн байрны тодорхой боломжит цэгүүдэд байршуулж хүнсний хог хаягдлыг цуглуулж төслийн зөвлөхүүд урьдчилан тохирсон хуваарь, давтамжтайгаар технологийн үзлэг, шалгалт, чанарын хяналт гэх мэтчилэн хяналт-мониторинг хийж зөвлөгөө өгнө.

Мөн ХААИС дээр байршуулсан тоног төхөөрөмж, материал, дагалдах хэрэгслийг ашиглан хүнсний хаягдлаар хэрхэн компост бордоо хийх, хэрэглэх, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, гомдол барагдуулах механизмын талаар арга зүйн сургалт явуулж, гарын авлага, заавар зөвлөмж, удирдамжаар хангахад хамтран ажиллахаар болов.