Хүндэт профессор Л.Цэрэндорж агсаны гэр бүлээс гагнуурын лабораторийн тоног төхөөрөмж хандивлалаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-01-23 17:24:10

Хүндэт профессор Л.Цэрэндорж агсан ХААИС-ийн Инженер технологийн сургуулийг үүсгэн байгуулсан, анхдагчдын нэг, Механик инженер, мехатроникийн тэнхимийг үүсгэн байгуулсан, металл судлал машин үйлдвэрлэлийн үндсийг тавьсан, сургуулийн харьяа автоспорт клуб буюу гагнуурын сургалтыг анхлан санаачлан зохион байгуулсан түүхтэй юм. Түүний хүү Ц.Өлзийбаатар аавынхаа үүсгэн байгуулсан сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж, нэрэмжит санг хариуцаж байна.

Л.Цэрэндорж агсаны гэр бүл, үр хүүхдүүд 2020 оноос жил бүр аавынхаа гэгээн дурсгалд зориулж  ХААИС-ийн ИТС-ийн судлаач багш нарын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг 2 удаа, ижил мэргэжлийн их дээд сургуулиудын ахисан төвшний суралцагчдын дунд шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг 1 удаа зохион байгуулсан, “Хүндэт профессор Л.Цэрэндорж агсаны нэрэмжит сан”-аас Механик инженер, мехатроникийн тэнхимийн Материал судлалын лабораторид микроскоп болон бусад багаж төхөөрөмжийг хандивласан, профессор Л.Чулуунбат тэргүүтэй багш нарын санаачилгаар Инженерийн сургуулийн анхдагчдад зориулсан гэрэлт хөшөөг босгосон зэрэг ажлыг зохион байгуулж санхүүжүүлэхэд 15 сая төгрөг зарцуулжээ.

Энэ удаад “Хүндэт профессор Л.Цэрэндорж агсаны нэрэмжит сан”-аас

380 вольтын /В/ хүчин чадалтай, 12мм хүртэл зузаан материал гагнах аргон гагнуурын аппарат

380 В хүчин чадалтай хагас автомат цахилгаан хосолсон гагнуурын аппарат

380 В хагас автомат, цахилгаан хосолсон гагнуурын аппаратны зөөврийн хувилбар

2020 В хүчин чадалтай гагнуурын аппарат-2ш

Хамелион шилтэй гагнуурын баг-5ш

Гагнуурын утас, электрод баригч гэсэн 7 200 000 төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмжийг Механик инженер, мехатроникийн тэнхимийн Материал судлалын лабораторид хандивлаж дараа жил шалгалт, хэмжилтийн багаж авч өгөхөд  анхаарахаа илэрхийллээ. Энэ бүх тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулсанаар Механик инженер, мехатроникийн тэнхим нь гагнуурын хичээлийн иж бүрэн лабораторитой болж, Инженер, технологийн сургуулийн сургалтын чанар, орчин, төгсөгчдийн ур чадвар сайжирна гэж харж байна. 

Сургуулийн удирдлагын зүгээс тус сантай бүх талаар хамтарч ажиллахад нээлттэй буйгаа илэрхийлээд ирэх жилээс лабораторио түшиглэн гагнуурын мэргэжлийн сургалтыг хамтран зохион байгуулахаар боллоо.