ХААИС “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” арга хэмжээнд оролцож байна

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-09-20 13:36:01

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран 10 дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 16-наас эхлэн явагдаж байна.

Энэ удаагийн арга хэмжээ нь хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын оролцогч талуудын бүтээлч хамтын ажиллагааг дэмжих, салбарын үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, эрсдлийг бууруулахад чиглэгдсэн шинэ мэдлэг, мэдээллийг үйлдвэрлэгчдэд хүргэх, харилцан туршлага хуваалцах боломжийг оролцогчдод олгож байгаагаараа өмнөх жилүүдийн үзэсгэлэнгүүдээс онцлог болж байгаа юм.

Тус арга хэмжээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын алба, ХАА-н эдийн засаг, инновацын хөгжлийн төв, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Инженер, технологийн сургууль болон харъяа Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, багш, оюутнуудын сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн судалгаа хөгжүүлэлт, инновацын үр дүнг танилцуулж, амжилттай оролцож байна.

Салбарын судлаачдын олон жилийн туршилт, судалгааны үр дүнд буй болсон мэдлэг шингэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг үзэсгэлэнгийн байранд байршуулсан дэлгэцээр олон нийтэд танилцуулах боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож байсан нь сайшаалтай. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан манай судлаач, багш нарын бүтээлтэй танилцаж, санал бодлоо нээлттэй солилцож байлаа.

Мөн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, оюутнуудын үйлдвэрлэсэн зөгийн бал, сүүн бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн таашаалд хүрч, эрэлт ихтэй байгаа нь ажиглагдсан. Манай салбарын судлаач нарын мэдлэг шингэсэн, дэвшилт технологид суурилсан инновацын бүтээгдэхүүнүүдийг үзэсгэлэнг үзэж буй иргэд ихээхэн сонирхож байна. Мөн үүнээс гадна Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид, ургамлын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг тогтоох сорилтыг хэрэглэгчдийн хүсэлтээр газар дээр нь тогтоож байсан нь олны сайшаалыг хүртэж байв. Энэхүү үзэсгэлэнд Хөдөө аж ахуйн их сургууль 23-ны өдрийг хүртэл оролцох юм.  

Эрдэм шинжилгээ, инновацын алба