“Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх мал аж ахуйн салбарын хөгжлийн үзэл баримтлал” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-04-11 17:03:18

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх мал аж ахуйн салбарын хөгжлийн үзэл баримтлал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уг бага хурлыг БШУ-ны яам, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар санаачлан зохион байгуулж, ХХААХҮЯ, ХААИС, ШУТ-ийн сан хурлын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллав.

Уг бага хурлын зорилго уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх Монгол улсын мал аж ахуйн салбарын хөгжлийн одоогийн төлөв байдалд шинжлэх ухааны үүднээс бодитой үнэлэлт дүгнэлт өгөх, тус салбарын хөгжлийн хэтийн чиг хандлага, бодлого, үзэл баримтлалыг шинэчлэх чиглэлийг тодорхойлж, төр засгийн бодлогод тусгуулах талаар санал зөвлөмж боловсруулах явдал байлаа.

Хурлын үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич А.Бакей, ХХААХҮЯ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, ШУТ-ийн сангийн захирал Б.Одгэрэл, Мал үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн Л.Эрхэмбаяр, Уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн академийн тэргүүн Д.Дагвадорж, Бодлого судлалын төвийн тэргүүн А.Энх-амгалан, Онцгой байдлын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн, ХААИС, салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид, мэргэжлийн холбоод, мэргэжилтнүүд болон Төв, Хэнтий, Дундговь аймгийн малчдын төлөөлөл зэрэг 160 гаруй хүн оролцсон нь хурлын ач холбогдлыг тодорхойлж байлаа.

Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас ойрын үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар бага хурлын оролцогсодод товч танилцуулав.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Бид өнөөдрийг хүртэл шинжлэх ухаанд суурилсан ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлээгүйгээс цаг уурын бэрхшээлд их хэмжээний хохирол амслаа.  Өнөөдрийн байдлаар зөвхөн цаг уурын нөхцөл байдлаас таван сая буюу нийт малынхаа 10 орчим хувийг алдсан нь малчдад, эдийн засагт том хохирол учруулж байна. Цаашид мал аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн менежментийг нэвтрүүлэх, загварчлах нь чухал бөгөөд энэхүү хурлаас бэлчээрийн даац, малын тэжээл, малчдын бизнесийн загвар зэрэг асуудалд хариу шийдэл, бодит үр дүн хүлээж байна” гэлээ.

Бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх Монгол Улсын  мал аж ахуйн салбарын хөгжлийн эрсдэл, эмзэг байдал, даван туулах арга зам, төрийн бодлого, түүний хэрэгжилт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээ, үйлдвэрлэлийн дэвшилт технологи, инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх болон малын ашиг шим, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж, ухаалаг мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгцээ, шийдэл болон тус салбарын хөгжлийн үзэл баримтлал зэрэг асуудлыг хөндсөн 8 үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн. Мөн хэлэлцүүлсэн илтгэлүүдтэй холбогдуулан салбарын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам, механизм, оновчтой шийдлийн талаар 30 гаруй хүн үзэл бодол, саналаа илэрхийлж, хурлаас гарах шийдвэрт тусгахыг санал болгов. Илтгэлүүдэд дэвшүүлсэн санал, зөвлөмж болон хэлэлцүүлгийн үед гарсан, оролцогсодын санал дүгнэлтэд тулгуурлан зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргэхээр санал нэгтэй шийдвэрлэлээ.